Хүүхдийн эмнэлэг барья

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлэг барья

Хүүхдийн эмнэлэг барья. Магадгүй эрх баригчдад улиг болсон сэдэв байх л даа.

Байгалийн гамшигт өртсөн япончуудад монголчууд сая сая төгрөгийн хандив өгч, хэр энэрэнгүй ард түмэн бэ гэдгээ харуулж байна. Үүнд манай иргэд, аж ахуйн нэгж, албан газрууд өндөр идэвх санаачлага гаргаж буй. Тэнүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусла гэсэн мэргэн үг бий. Бас зовох цагт нөхрийн чанар танигдана ч гэдэг. Монголчуудын халуун сэтгэлийн илгээмжийг байгалийн гамшигт нэрвэгдсэн япончууд талархан хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй биз.

Арлын орны атомын цахилгаан станц дэлбэрсэнтэй холбоотой агаарт дэгдэх цацраг идэвхт бодисын хэмжээ ихэссэн гэх санаа зовнингүй мэдээллийг манай бүх л мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Гамшигт нэрвэгдсэн тэдэнд газар нутгаасаа тасалж өгөх тухай яриа ч дэгдэж байна.

Өр зөөлөн, элэг нимгэн гэдгээ өрөөлд харуулах монголчууд өөрсдийнхөө үр хүүхдийн төлөө өнөөдөр юу хийж байна вэ. Ханиад томуу хатгаанд “нэрвэгдсэн” өчнөөн монгол жаалууд эмнэлгийн хүрэлцээгүй, эм тарианы дутагдлаас болж эмнүүлж чадахгүй байгааг юу гэх вэ. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовох эрх баригчид, эзэн хүн гэж энэ улсад байна уу, ингэхэд.

Цунамид өртөж, газар хөдлөлтөд нэрвэгдээгүй ч Улаанбаатарын угаар, хорт хийн хэмжээ Японы агаарын болхирдлоос хэдэн зуу дахин илүү гэнэ лээ. Үүнээс болж үр хүүхэд маань агаарын бохирдолд нэрвэгдэж элдэв хорт бактериар амьсгалж, эмнэлгийн хонгилд толгой хорогдоход хүрч байна. Энэ гамшиг биш гэж үү.

…Оройноос ханилгаж эхэлсэн хүүхэд минь үдэшдээ бүлээрч, түргэн тусламж дуудахаас өөр аргагүйд хүрлээ. Ачаалал ихтэй гэсэн тайлбартайгаар түргэн тусламжийн эмч дөрвөн цагийн дараа ирэв. Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор түргэн тусламжийн дуудлага нэлээд нэмэгдсэн гэнэ. Нийслэлийн аль ч түргэн тусламжийнхны хувьд байнгын ачаалалтай байдаг нь худлаа биш. Дуудлагын машин болон эмчийн хүрэлцээ муу байдгаас зарим иргэд эмнэлгийн түргэн тусламж хүртэж чадахгүйд хүрэх тохиолдол ч цөөнгүй гардаг.

Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн нэгдсэн III эмнэлгээр дүүрэн өвчтөн. Ачаалал нь хэд дахин нэмэгдсэн тус эмнэлгийн хонгил нь хүртэл бөгс эргэх завсар зайгүй өвчтнөөр дүүрчээ. Ихэнх нь хамар хоолой, хатгаатай гэх оноштой. Энэ нь улаанбаатарчууд, Улаанбаатарын хүүхдүүд утааны цунамид өртөөд байгаагийн илрэл юм.

Эмнэлгийн үүдээр оронгуут л эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнуудын хүнд суртал, дээрэнгүй ихэмсэг зангийн өмнө өөрийн эрхгүй бөхөлзөхөд хүрдэг юм билээ. Тэдний аашийг тэвчиж, хүлцэнгүй байхаас өөр аргагүй. Үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд аль болохоор аар саар зүйлээр асрагч, сувилагчдын гарыг нь цайлгахыг хичээнэ.

Эмнэлгийн хоол, эм тарианы хувьд үнэхээр “тэг”. Ампинцилин, севтазол, гентамицин гэх гарын таван хуруунд хүрэхгүй тарианууд, “АЦЦ” цэр ховхлогчоос өөр эмчилгээ байхгүй. Ийм эмчилгээтэй улсын Эрүүл мэндийн сайдын үнэлгээ мэдээж тэг гарч таарах биз. Хүүхэд халуурсан тохиолдолд өгөх эм, лаагүй эмнэлэг байна гэхээр манай эмнэлгийн салбар ямархуу, хүүхэд багачуудын эрүүл мэндийн хамгаалал хэр байгаа нь тодорхой.

Асрагчийг хэр найрахаас тасагт болон төлбөртэй өрөөнд хэвтэх эрхтэй болдог юм билээ. Өдөрт нэг удаа шал арчихыг эс тооцвол тус эмнэлгийн хувьд / манай аль ч улсын эмнэлэгт/ өрөөг агааржуулах, холорминтой усаар угааж, цэвэрлэх, байнгын ариутгал хийх асуудал тун хангалтгүй байсан. Ээлжийн сувилагч, эмч нарын их зан, ямбархуу аашийн тухайд бүр ярилтгүй.

Хатгаатай гэх хоёр настай охиноо сахих зургаан сартай жирэмсэн эмэгтэй сувилагчид бие нь хямраад байгаагаа хэлж л дээ. Харин нөгөөх нь “эмэгтэйчүүдийн эмчээ дуудахгүй юу” хэмээн хээв нэг хариулах тангараг өргөсөн цагаан халаадтан байх юм. Ядаж даралтыг нь үзээд яаж байгаа нь асуух сэтгэл байж болно доо, тэр сувилагчид.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар 10259 эх амаржсан байна. Хоёрхон сарын дотор Монгол Улсын хүн амын тоо 10 мянгаар нэмэгдэж буйг хар ухаанаар тооцож үзвэл энэ хэрээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэх шаардлага гарч ирж байна гэсэн үг.

Дахин нэг статистик тоо сонирхуулья. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн тоо энэ он гарсаар 60 мянгад хүрээд байгаагийн олонх нь бага насны хүүхдүүд гэнэ. Гэтэл нийслэлд аль арван жилийн өмнө байсан хүүхдийн эмнэлгийн тоо нөгөө л хэвээрээ, үйлчилгээний чанар, үйл ажиллагаа нь мөнөөх янзаараа. Өнөөдөр хүүхдийн гэх тодотголтой дөрвөн эмнэлэг Улаанбаатарт байдаг. Тэдгээр эмнэлгийн хүчин чадал бараг 100 дахин хэтрээд буйг эмч мэргэжилтнүүд сануулах нь бий. Энэ хэрээр хүүхдийн гэх тодотголтой эмч нарын тоо хүрэлцэхгүй байгааг ч анхааруулдаг.

Монгол Улсын Засгийн газар Кувейт Улсын буцалтгүй тусламжаар 150 ортой 16 хүртэлх насны хүүхдийн нэгдсэн эмнэлэг барихаар болсон. Уг нь хүнээс гуйж, гувшихгүйгээр хүүхдийн эмнэлэг барих хөрөнгө мөнгө монголчууд бидэнд хангалттай бий. Иргэдийг чирэгдүүлж олгох эх орны хишгээр дүүрэг болгонд, аймаг бүхэнд хүүхдийн эмнэлэг барих, хүүхдийн эмч бэлтгэх дүүрэн боломж байгаа. Монголчуудад мөнгө бус сэтгэл дутаад байгаа хэрэг. Хүний улсын иргэний төлөө нулимс унгах эрхбаригчид өөрийнхөө үр хүүхдүүдийн төлөө өрөө өвтгөж яагаад чадахгүй байна вэ. Хандив тусламж, харамгүй сэтгэлээр хүүхдийн эмнэлэг барих хүсэл томчууд бидэнд алга гэж үү.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж