Халх голд хөдөө аж ахуйн цогцолбор босно

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Халх голд хөдөө аж ахуйн цогцолбор босно

Халх гол гэхээр дэлхийн II дайны өмнөхөн болсон тулгаралтаар олон мянган эрэлхэг залуус амь насаа алдаж байсан түүх эрхгүй санаанд ордог. Харийн түрэмгийлэгчдээс эх орон, газар нутгаа авч үлдэхээр энд халуун цус урсаж, олон аавын хөвгүүдийн амь эрсэдсэн. Тиймдээ ч Халх гол гэхээр өөрөөр төсөөлж бодож байсангүй явжээ. Харин одоо Халх голыг арай өөр өнцгөөс харах цаг иржээ. Тэнд газар тариалангийн орчин үеийн цоо шинэ цогцолбор бүхий нутаг болохоор бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлж байгаа аж.

Засгийн газар өнгөрсөн жил Халх голын 30 мянган га талбайг тариалан эрхлэлтэд зориулах 97 дугаар тогтоол гаргажээ. Тогтоол ёсоор дээрх хэмжээний талбайг эргэлтэд оруулах ажлын эхлэл болгож 200 га талбайг сонгоод байна. Энэ талбайг загвар аж ахуй болгож тохижуулахаар Солонгосын КОИКА байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд түүнд шаардлагатай санхүүжилтийг БНСУ-ын Засгийн газар буцалтгүй тусламжаар олгожээ. Барилга байгууламж, тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, зам гэх мэт бүтээн байгуулалтад 6,4 тэрбум төгрөг зориулж буй юм байна.

Нийтдээ 200 га талбайг усалгааны системээр бүрэн тоноглож, мах болон сүүний үхрийн ферм, гахайн ферм, хүлэмж, усалгааны систем, сүү боловрсуулах цех, агуулах зоорь баригдахаас гадна хүнсний ногоо, ногоон тэжээл тариалдаг мал аж ахуй, газар тариалан хосолсон орчин үеийн цогцолбор босох аж. Харин бусад талбайд манай үндэсний аж ахуйн нэгж оролцож, үйл ажиллагаа явуулах гэнэ. Хууль зөрчин ашиглаагүй байсан газрыг орон нутгийн Засаг даргын захирамжаар эзэмшлийн эрхийг нь хүчингүй болгож хийе, бүтээе гэсэн аж ахуйн нэгжүүдэд дуудлага худалдаа эсвэл уралдаант шалгаруулалтаар эзэмшүүлэх юм байна.

Халх голд тариалангийн чиглэлээр ашиглах боломжтой 270 мянган га газар судалгаагаар тогтоогдсон байдаг гэнэ. Ингээд атар газар эзэмших Халх голын аян эхэлж байгаа аж. Цаашид Засгийн газрын тогтоолд тусгаснаас гадна дээрх судалгаагаар тогтоогдсон бусад газрыг тариаланд ашиглах юм байна. Хэдий хэрийн талбайг үүнд зориулах вэ гэдгийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон нутгийн ИТХ оруулаад Засгийн газраар шийдвэрлүүлэх гэнэ. Тиймээс хэн дуртай нь атар газарт орохгүй гэдгийг албаны хүн хэлж байлаа.

Технологийн хувьд хөрсийг элэгдлээс хамгаалах, хөрс боловсруулах иж бүрэн дэвшилтэт технологиор Халх голын атар газрыг эзэмших гэнэ. Тариалангийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэмжээнд оруулж ирэх техник хэрэгсэл бүгд орчин үеийн дэвшилтэт технорлоги бүхий хөрс боловсруулах зориулалтынх байх аж.

Халх гол төслийн хүрээнд нийтдээ 17 ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнд ихэнх яам агентлаг оролцжээ. Тухайлбал, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам Чойбалсан-Халх гол чиглэлийн хатуу хучилттай авто зам тавих, мөн төмөр замтай холбох зэрэг ажил хийнэ. Ингэснээр Мянганы замын маршрут өөрчлөгдөж, 2014-2015 он гэхэд Халх гол сум Мянганы замтай холбогдоно. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүний хүчин зүйлээс шалтгаалсан экологийн тэнцвэрийг хадгалах арга хэмжээ авах ажлыг хариуцах гэнэ. Халх голыг цөлжилтөөс хамгаалж ойн зурвас байгуулах бол Буйр нуурыг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор бий болгох гэнэ. Тэгвэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам газар тариалангийн шинэ нутгийг өндөр хүчдэлийн шугамтай холбоно. Энэ мэтчилэн Халх голд их бүтээн байгуулалт өрнөнө.

Анх 1970 оноос эхлэн энэ бүс нутагт газар тариалан эрхэлж байсан туршлагатай ч, зах зээлийн эдийн засагт шилжих үеэр хөдөө аж ахуй нь зогсонги байдалд оржээ. Харин одоо энд атаршсан болон судлагдсан нөөц атар газрыг эзэмшихээр тариаланчид ханцуй шамлан ажилдаа орох л үлдлээ.

 Халх голын атар газрыг эзэмших аян 2011-2019 онд гурван үе шаттайгаар хэрэгжих бол 30 мянган га газрыг эргэлтэд оруулахад хоёр жилийн хугацааг төлөвлөжээ. Солонгосын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжаар гүйцэтгэх ажлыг Коика хэрэгжүүлж байгаа ба тус байгууллагын  Монгол дахь суурин төлөөлөгч энэ тухай мэдэгдэхдээ, “Бидний хийж байгаа тооцоогоор Халх голын бүс нутагт байгуулах аж ахуй жилд 864.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 35.8 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулна” гэсэн юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж