Байнгын ажиллагаатай зөвлөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Байнгын ажиллагаатай зөвлөл байгууллаа

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр мөн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгууллаа.

“Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.

  Зөвлөл нь газар хөдлөлтийн гамшгийн асуудлаарх бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангахаас гадна гамшгаас сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлнэ.

Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, дүгнэлт гарган, үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь хангаж байх юм.

    Үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-д мэдүүлнэ

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт”-тэй танилцаад гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Үндсэн чиглэлд :

Макро эдийн засгийн бодлого – 3 зорилт, 49 арга хэмжээ
Бодит салбарын хөгжлийн бодлого – 6 зорилт, 102 арга хэмжээ

Байгаль орчин, бүс нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлого – 6 зорилт, 88 арга хэмжээ
Ядуурлыг бууруулах, хүний хөгжлийг хангах бодлого – 7 зорилт, 93 арга хэмжээ
Гадаад бодлого, батлан хамгаалах бодлого – 10 зорилт, 72 арга хэмжээ
Засаглал, эрх зүйн шинэчлэлийн бодлого – 3 зорилт, 70 арга хэмжээг тус тус  тусгасан юм.

Үндсэн чиглэлийг 2010 оны байдлаар нэгтгэн дүгнэхэд 80.8 хувийн биелэлттэй гарчээ. Нийт 474 арга хэмжээнээс 171 нь бүрэн биелсэн, 122 нь 90 хувь, 106 нь 70 хувь, 42 нь 50 хувь, 22 нь 30 хувь, 2 нь 10 хувийн биелэлттэй байгаа бөгөөд 9 арга хэмжээ хангалтгүй биелэлттэй байна.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын www.cabinet.gov.mn цахим хуудаснаас авч болно.

Өнгөрсөн сард 48 асуудал хэлэлцжээ

Засгийн газрын 2011 оны хоёрдугаар сарын үйл ажиллагааны мэдээллийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Засгийн газар өнгөрсөн сард дөрвөн удаа хуралдан 48 асуудал хэлэлцэж, 21 асуудалтай танилцсан байна. Зургаан асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, нэг  асуудлыг хууль санаачлагчид уламжлахаар, хоёр асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэн дөрвөн асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.

Засгийн газар хоёрдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас авах зээлийн хөрөнгөөр мах, сүү, гурилын үйлдвэр байгуулах, нийслэлийн автозамын гүүрэн гарц болон огтлолцол зам, цахилгаан хангамжийн их тойруу цагираг сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Мөн Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулан, Онцгой албан татварын хувь, хэмжээг өөрчилж, хүүхдийн тусламжид зайлшгүй шаардлагатай эмийн хуваарийг батласан зэрэг томоохон ажил хийжээ.

Бүгд Найрамдах Итали Улсын Рот хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулахыг дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2010 оны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлантай танилцлаа. Үнэлгээний явцад илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийж, цаашид худалдан авах ажиллагааны хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой арга хэмжээ авах Засгийн газрын албан даалгаврыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж