Дизель станцын түлшний зардлыг олгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Дизель станцын түлшний зардлыг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын дизель станцуудын түлшний зардалд шаардлагатай 81 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

    Дээрх сумдын цахилгаан хангамжийг найдвартай болгохын тулд одоо ашиглаж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг гадны хандивлагч байгууллагуудын санхүүжилтээр нэмэгдүүлж өргөтгөхийг Засгийн газрын хуралдаанаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болгов.

    2007 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд тус бүр 920 сая төгрөгийн төсөвтэй, 150 кВт-ын хүчин чадалтай, нар, салхины хосолсон цахилгаан станц байгуулахаар болж “Баянконстракшн” компанитай гэрээ байгуулжээ. 

    Гүйцэтгэгч компани Баян-Өндөр, Шинэжинст суманд ажлаа хугацаанд нь бүрэн дуусган хүлээлгэн өгсөн боловч гэрээнд заасан туршилтын хугацаанд станцуудын салхин сэнснүүдэд эвдрэл гарч эхэлжээ. “Баянконстракшн” компани гэрээний дагуу тухай бүр нь засч байсан ч эвдрэл гарсаар байна.

    Иймээс гэрээний дагуу төхөөрөмжүүдийг сэргээн засварлаж хэвийн ажилд оруулах, эсвэл салхин сэнснүүдийн оронд нарны станц барьж ашиглалтад оруулах чиглэл өгчээ. “Баянконстракшн” компани Баянцагаан суманд нэмж 30 кВт-ын нарын панель суурилуулах, эвдэрсэн салхин сэнснүүдийн далбааг шинээр захиалан, Дорнод аймгийн Матад, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд байгаа салхин сэнснүүдийг Баян-Өндөр, Шинэжинст суманд шилжүүлэн барихаар ажиллаж байна.

    Мөн Азийн хөгжлийн банк, БНСУ-ын буцалтгүй тусламжаар дээрх сумдад нарны цахилгаан станц байгуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон хандивлагч талууд гэрээ байгуулах гэж байна.

Нарны цахилгаан станцууд хэвийн ажиллагаанд орох хүртэл Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумын эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах үүднээс дизель станцын түлшний татаас олгох шаардлагатай болсныг Засгийн газрын хуралдаанаар ийнхүү хэлэлцэн шийдвэрлэлээ.


    Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх санхүүжилттэй танилцав

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн санхүүжилтийн тухай “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

    Төрийн өмчийн хороо, Лондонгийн хөрөнгийн бирж хооронд “Стратеги хамтын ажиллагааны гэрээ” байгуулж, хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийг хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тохирчээ.

    Гэрээний дагуу Лондонгийн хөрөнгийн биржээс манай Хөрөнгийн биржийг удирдах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж зөвлөгөө өгөх бөгөөд эдгээрийг нарийвчлан тусгасан “Ажлын мастер гэрээ” байгуулах гэж байна.

14,2 сая ам.долларын өртөгтэй төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг эхний ээлжинд арилжааны банкуудаас зээл авч бүрдүүлэн, дараа нь улсын төсвөөс эргүүлэн төлөхөөр  урьдчилсан тохиролцоонд хүрчээ.

Хамтарсан төсөл амжилттай хэрэгжсэнээр үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын цогц шинэ систем нэвтэрч, хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, технологи, боловсон хүчний чадавхи олон улсын стандартад хүрнэ гэж тооцоолж байна.

Манай аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хөрөнгийн захаар дамжуулан хөрөнгө оруулагчдаас урт хугацааны, өртөг багатай санхүүгийн эх үүсвэр татах, Улаанбаатар-Лондон-Торонтогийн 24 цагийн арилжааны бүсэд холбогдож, олон улсын зах зээлд гарах боломж нээгдэх юм. 

Стратегийн ач холбогдолтой томоохон ордуудад түшиглэн байгуулах үндэсний компаниудын хувьцааны хяналтын багцаас дээш хувийг дотоодод арилжсанаар зах зээлд тавих хяналт өндөрсөж, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ.

Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид арилжаанд хямд өртгөөр, урт хугацаанд, үр ашигтай оролцон, хөрөнгийн захаас бодит өгөөж хүртэх, биржээр арилжих бүтээгдэхүүний  нэр төрөл, тоо хэмжээ, чанар сайжирч, түүхий эд, валют болон бусад төрлийн бүтээгдэхүүний арилжаа, тэдгээрийн үүсмэл үнэт цаасны арилжаа бий болох нөхцөл бүрдэнэ гэж “Монголын хөрөнгийн бирж” ХК, Төрийн өмчийн хороо үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж