Ярантын боомтыг олон улсын чанартай болгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ярантын боомтыг олон улсын чанартай болгоно

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 28-нд Ховд аймгийн Алтай сумын иргэдтэй уулзаж, Бодончийн хавцлыг дайруулан тавих Тэмээн хүзүүтээс Бага улаан даваа хүртэлх 110.8 км хатуу хучилттай замын шав тавих ёслолд оролцлоо.
    Алтай сумын иргэд УИХ-ын даргаас “Монгол мал” хөтөлбөр, Тавантолгойгоос иргэдэд олгох хувьцааны талаар сонирхон асууж, орон нутгийн удирдлагууд зам барих ажилд аль болох нутгийн иргэдийг түлхүү татан оролцуулж ажлын байраар хангах хүсэлтийг замын ажлын гүйцэтгэгчдэд тавьж байлаа.

    УИХ-ын дарга мөн өдөртөө Үенч суманд хүрэлцэн ирж, иргэдтэй уулзан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тус сум дахь цэргийн ангийн ажил байдалтай танилцав. Тэрбээр өчигдөр Булган сум дахь хилийн “Ярант” боомтын ажилтай танилцаж, боомтын ажлын хэсгийн хуралдаанд оролцов. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, МХЕГ-ын дарга Р.Содхүү, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал М.Заяабаатар, ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг нарын хүмүүс УИХ-ын даргыг дагалдан ажиллаж, харилцан мэдээлэл, саналаа солилцсон юм.

     Ярант боомт нь Булган сумын төвөөс 45 км-ийн зайтай оршдог бөгөөд энэ оны нэгдүгээр сараас байнгын ажиллагаатай болжээ. Цаашид тус боомтыг олон улсын чанартай болгохоор төлөвлөж байгаа юм байна. Ингэхийн тулд юуны өмнө олон улсын стандартад нийцсэн орчин үеийн иж бүрэн лабораторитой болох зайлшгүй шаардлагатай байгааг ажлын хэсгийн хуралдааны үеэр ярилцлаа. Одоо Ярантаас Улаанбайшинт хүртэл 700 гаруй км үргэлжлэх автозам тавигдаж байгаа аж. Энэ зам ашиглалтад орвол зам дагасан амьдрал сэргэж, эдийн засгийн хувьд хаа хаанаа ач холбогдолтой, Ярантыг олон улсын чанартай боомт болгоход ч түлхэц өгнө гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн Ярант боомтод нүүрсний гарц шинээр байгуулах талаар ярилцлаа. Мөн Ярант боомт байнгын ажиллагаатай болсноос үүдээд өмнө нь түр хугацаагаар ирж ажиллаад буцдаг байсан гаалийн ажилтнуудыг суурьшуулахын тулд орон сууц, нийгмийн асуудлыг нь шийдэх нөхцөл байдал үүсээд байгааг хуралдааны үеэр хөндлөө.

     УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь Булган сумын төвд иргэдтэй уулзан мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Тус сум нь 9266 хүн амтай, тэдний 71.7 хувь нь залуучууд аж. Уулзалтад оролцсон иргэд өндөр настны тэтгэврийг цаашид нэмэх эсэх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, сумыг Монголын талаас цахилгааны байнгын эх үүсвэрээр хангах, бүсийн нэмэгдэлтэй холбоотой хуулийн төслийг яаралтай батлуулах, хил дагасан малын хулгайг таслан зогсоох, намуудын амласан 1.5 сая төгрөгийг 2011 ондоо багтааж олгох эсэх зэргийг УИХ-ын даргаас асууж сонирхон, санаа бодлоо хэллээ.

     УИХ-ын дарга өнөө өглөө Булган сумын зарим албан байгууллагын ажилтай танилцлаа. Тэрбээр өнөө орой Улаанбаатарт буцаж ирнэ юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж