Олон улсын стандартын гэрчилгээ авав

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Олон улсын стандартын гэрчилгээ авав

Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын харьяа Оношлогоо, хэмжилзүйн лаборатори нь Стандарт хэмжилзүйн үндэсний төвөөс ISO 17025 олон улсын стандартын гэрчилгээг өнөөдөр хүлээн авлаа.  ИНЕГ нь 1989 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын гишүүнээр элссэн бөгөөд ИКАО-аас гишүүн орнууддаа тавих стандарт шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, салбартаа ISO-9001 олон улсын чанарын тогтолцоог эх орондоо нэвтрүүлсэн анхны байгууллага болсон аж.

Оношлогоо, хэмжилзүйн лаборатор нь 1999 онд байгуулагдсан бөгөөд хэмжилзүйн болон сорилт шинжилгээний ажил хийхээр 2000, 2004, 2008 онд итгэмжлэгдэж, энэ оны нэгдүгээр сард Стандарчлал, хэмжилзүйн газраас хийсэн итгэмжлэлийн аудит шалгалтанд хэмжилзүй болон сорилт шинжилгээний чиглэлээр хамрагдаж амжилттай дүн үзүүлжээ. Улмаар ISO 17025 олон улсын стандарт шаардлагын дагуу шатах тослох материалын иж бүрэн шинжилгээ, радио цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалт массын хэмжилт, массын хэмжилт, шугаман өнцөг, геодезийн хэмжилт, үл эвдэх сорилт, цаг уурын автомат станцын баталгаажуулалт зэрэг ажлуудыг хийхээр энэ удаагийн итгэмжлэлээ дөрвөн жилийн хугацаатай авсан юм.      

 Тус лаборатори нь ISO 17025 олон улсын стандартын шаардлагыг хангасан багаж, тоног төхөөрөмж, ажлын байраар хангагдан гадаадын болон дотоодын их дээд сургуулиудыг төгссөн, хариуцсан ажил үүргийн хувьд мэргэшсэн инженерүүдээр чанарын өндөр түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн нисэхийн аюулгүй байдал болон нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс иргэний нисэхийн салбарт ашиглагдаж байгаа цаг уурын автомат станцуудын баталгаажуулалт, газрын холбоо навигацын тоног төхөөрөмжүүдийн баталгаажуулалт, газардуулгын эсэргүүцлийн хэмжилтийн ажлуудыг хийдэг гэнэ. Үүнээс гадна шатах тослох материал хадгалах савны хазайлт, ан цав, ханын зузаан, зэврэлт болон агаарын хөлгийн жин, их бие болон эд ангийн ан цавын шалгалт мөн нефтийн бүтээгдэхүүний чанарын иж бүрэн шинжилгээг өндөр нарийвчлал бүхий орчин үеийн баталгаажсан багаж тоног төхөөрөмжүүдээр батлагдсан стандарт, арга аргачлалыг ашиглан хийдэг байна. Оношлогоо, хэмжил зүйн лаборатор нь зөвхөн иргэний нисэхийн салбарт ч бус улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой тул нефть импортлогчид болон үйлдвэрлэгчид, хэрэглэгчид хүртэл тус лабораторид хандан үйлчилгээ авах бүрэн боломжтой ажээ. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж