Японы цунами бусад оронд боломж олгож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Японы цунами бусад оронд боломж олгож байна

Японд хүнсний бараа, бүтээг­дэхүүнээс цацраг идэвхт бодис илэрсэн учир томоохон орнууд им­порт­доо хориг тавьжээ. Хамгийн тү­рүүнд АНУ-ын эрх баригчид энэ талаар анхааруулга гаргаж, Японы Фукушима, Ибараки, Точиги, Гунма мужаас сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо импортлохыг хориг­лосон байна. Түүний араас Их Британи тэргүүтэй Европын орнууд, Канад, Австрали, ОХУ орж, хамгийн сүүлд Хятад, Сингапур улс нэгджээ. Франц, Германы Засгийн газар үүнийг анхааралдаа авч, Японоос ирж буй хүнсний бүтээгдэхүүнд цацраг идэвхт бодисын тест хийж эхэлсэн байна. Хэдийгээр тэд тестийн хариу гартал ямар нэг хориг тавихгүй гэж байгаа боловч энэ нь цаг хугацааны асуудал гэдэг нь ойлгомжтой юм.

“Фукушима Дайчи” цөмийн үйлдвэрийн орчимд их хэмжээний хорт бодис цацагдсанаас болж хэд хэдэн ажилчин хордож, эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй зэрэгцээд хүн хөл ихтэй. Японы загасны хамгийн том захууд худалдан авагчгүй эл хуль болсон. Үүнийг цацраг идэвхт бодис алдагдсан бүс нутгуудаас ирэх загасны нийлүүлэлт зогссонтой холбон тайлбарлаж байна. Японы тодорхой хэсгийнх нь эдийн засаг газар тариалан, загас агнуурын сал­бараас хэт их хамааралтай байдаг. Тиймээс одоогийн нөхцөлд Япон до­тоод зах зээлээсээ гүн хямралд орж эхлэн улмаар энэ нь эдийн засагт нь хүнд цохилт болно хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм. Японы ард түмэн цөмийн хор хөнөөлийн аюулаас болгоомжилж, айдас түгшүүрт автаж байгаа энэ үед гадны орнууд, тэр дундаа эдийн засгийн хувьд хүчирхэгт тооцогддог их гүрнүүд хамгийн түрүүнд санаа зовж эхэлсэн бололтой.

АНУ-ын хувьд Японоос импор­толж буй хүнсний бүтээгдэхүүнд хо­риг тавих шийдвэрийг нэлээд эрт гаргасан боловч нөхцөл байдал цаашид хэрхэхийг хэд хоног харз­насан аж. Энэ талаар Цагаан орд­ны төлөөлөгчид мэдээлж байв. Харзнасан шалтгаан нь хэрэв АНУ шийдвэр гаргавал түүнийг бусад улсын Засгийн газар ч дуурайх бол­но хэмээн болгоомжилсонтой хол­боотой. Гэвч одоо “Фукушима Дайчи” үйлдвэрийн орчимд цацраг идэвхт бодисын түвшин хэвийн үеийнхээс 100 мянга дахин ихэсчихээд байгаа. Түүгээр ч үл барам цаг уурын нөхцөл байдал, салхины чигээс хамаараад хаа байсан Лас Вегаст хүртэл хорт бодис илэрсэн явдал нь нэлээд санаа зовоосон асуудал болжээ. Тиймээс Японоос импортлох хүнсний бараа, бүтээгдэхүүнд хориг тавих нь өөрийн орны ард түмнийг бодсон эн тэргүүний шийдвэр байлаа хэмээн АНУ-ын төлөөлөгчид тайлбарласан юм. Магадгүй энэ бүхэн нь дөнгөж эхлэл байж болох талтай. Учир нь Японы эрх баригчид цацраг идэвхт бодисын тархалтыг зогсоож чадахгүй байгаа. Цөмийн реакторуудыг хөргөх ажилд далайн ус ашиглаж буй нь богино хугацаанд үр дүнгээ өгөөгүй. Энэ бүхнээс хамаараад цаашдаа Японоос экспортоор гарч буй хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй, бусад бараанаас ч цацраг идэвхт бодис илрэх аюултай юм. Тиймээс экспортод түшиглэсэн эдийн засаг­тай Япон улсаас авах импортоо бууруулснаар энэ нь тус улсын эдийн засагт маш хүнд тусах нь ойлгомжтой юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Японы экспорт есөн хувиар өссөн. Үүнийг шинжээчид Наото Каны Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбон тайлбарлаж, эерэг үнэлгээ өгч байв. Гэвч одоо юун есөн хувьтай манатай болж байна. Нөгөө талаас, энэ бүхэн нь Японы экспортын орон зайг хоосон болгож, бусад орны хувьд нэг шинэ боломжийг нээж өгч байгаа юм.

Сүүлийн хоёр жил гаруйн хуга­цаанд Хятадтай тэмцэлдэж, экс­портоо нэмэхийг хичээсэн АНУ, дотоод зах зээлийнх нь эрэлт хумигдаж, га­дагшаа гарах худалдааг дэмжих замаар эдийн засгаа сэргээхийг оролдож байгаа Евро бүсийн орнууд аль, аль нь Японы экспортын орон зайд орж ирэхийг хичээх нь дам­жиггүй юм. Үүнийг эдийн засаг­чид нотолж байна. Ямартай ч Японы нийлүүлэлт буурсны дараа Автс­рали, Норвегийн загасны экспорт эрс нэмэгдэж эхэлжээ. Олон улсын агаарын тээврийн компаниуд То­кио руу нислэг хийхээс татгалзах болс­ноос Японы  цунамид өртөөгүй бүс нутгийн экспорт буурах ханд­лага ажиглагдаж байна. Цацраг идэвхт бодисын тархалтаас болж импорт­логч орнууд Япон гэхээс илүү Өмнөд Солонгосыг нэлээд сонир­хох болж. Энэ бүхэн нь Японы үйлдвэр­лэгчдийн байгуулсан урт хугацааны гэрээнүүдийг цуцлах аюул дагуулж байгаа юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж