Герман маягийн тэмцэгч

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Герман маягийн тэмцэгч

“Гудамжны улс төр хийгчид” гэх тодотголоор олны танил болж, сүүлийн 5-6 жил Сүхийн талбайгаас салаагүй тэмцэгч бол яах аргагүй Ногоон намын гадаад асуудал хариуцсан дарга О.Бум-Ялагч. Нэгэн цагт түүнтэй хамт тэмцэгчийн дүрд тоглож явсан О.Магнай, Ж.Батзандангаас эхлээд олон ч хүн өдгөө “төрөл арилжсан”-ыг хүмүүс мэднэ. Харин О.Бум-Ялагч төр, засгийн бодлогын эсрэг ч, намынхаа дотоод зөрчилдөөний сэдвээр ч туг барин жагсахад хэзээд бэлхэн хэвээрээ. Бас тэмцлийнх нь хэлбэр их өвөрмөц. Зарим нам, хөдөлгөөн жагсагчдад мөнгө тараах, машин тэрэг хөлөглөх мэтээр сүр бадруулах дуртай бол О.Бум-Ялагч дугуй унаж, ардаа ногоон туг хатгачихаад ганцаараа “жагсах” нь бий. Гэхдээ түүний өдөр бүр шахам өрнүүлдэг тэмцэл нь дорвитой үр дүнд хүрсэн нь үгүй. Тэр “Үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлэх нь ардчилсан нийгмийн жирийн л үзэгдэл. Харин үүний тулд хэзээ ч хууль зөрчиж болохгүй” гэсэн зарчмыг ягштал баримталдаг гэсэн. Хамгийн олон төрийн бус байгууллагатай, хамгийн их жагсаал болдог газар бол Герман. О.Бум-Ялагч Герман школоор хүмүүжсэн нэгэн болохоор ямар нэгэн үр дүнд хүрэхгүй ч ялихгүй юм дээр тэмцэл хийх дуртай байдаг биз. Түүнийг энэхүү өвөрмөц араншингаар нь олон хүн танина. Харин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бумуудэнгээгийн Олзод агсны хүү гэдгийг тэр бүр мэддэггүй. 

Тэрбээр өдгөө намынхаа даргыг хөөж, өөрөө дарга болчихоод байгаа. Энэ нь хуульд нийцсэн үйлдэл мөн эсэхийг Дээд шүүх удахгүй тогтооно. Өөрөөр хэлбэл, түүнийг хуулийн хүрээнд тэмцэл хийдэг хүн мөн үү, биш үү гэдгийг тодорхойлж өгөх юм.

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж