Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Монгол Залуу хүн-2020

Амьдралын боловсролтой Монгол залуу хүн
Ажилтай, орлоготой Монгол залуу хүн
Архигүй Монгол залуу хүн
Авьяас, чадвартай Монгол залуу хүн
Авлигагүй Монгол залуу хүн


“Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөр

Монгол Улсын хүн амын 70 орчим хувийг 36 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тиймээс Монгол бол залуучуудын орон юм. Аливаа нийгмийн хөдөлгөгч хамгийн гол хүч нь залуучууд байдаг бөгөөд тэднээс тухайн улс орны хөгжил дэвшил ихээхэн хамааралтай байдаг. Энэ ч утгаараа залуучууд нь манай улсын хамгийн том баялаг тул тэднийг бүх талаар хөгжүүлэх, энэ чиглэлээр дэвшүүлсэн тодорхой бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа билээ.

2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит ХХХII хуралдаанаар 2020 он хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх арга зам, мөн монгол хүний хөгжлийг тодорхойлох “Монгол хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан билээ. Уг шийдвэрийн хүрээнд Ардчилсан намын залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооноос дээрх хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд монгол залуу хүнийг хөгжлүүлэх талаар залуучуудаас гаргасан санал санаачлагуудыг нэгтгэн боловсруулсан хөгжлийн бодлого, зорилтуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлох үндсэн зорилго бүхий “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Энэхүү “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлж байгаа юм. Үүнд:

        1. Амьдралын боловсролтой Монгол залуу хүн
        2. Ажилтай, орлоготой Монгол залуу хүн
        3. Архигүй Монгол залуу хүн
        4. Авьяас, чадвартай Монгол залуу хүн
        5. Авлигагүй Монгол залуу хүн

Дээрх зорилтын чиглэлүүдээр төрөл бүрийн хөгжлийн уулзалт, хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд хөтөлбөрийн үр дүнд 2020 он гэхэд мэдлэг боловсролтой, ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай, баялаг бүтээгч, ёс суртахуунтай, хариуцлагатай, улс орны хөгжлийг тодорхойлогч, дэлхийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулагч, шударга, авлигагүй, эрх чөлөөт нийгэмд амьдрах Монгол залуу хүнийг бий болгохыг Ардчилсан Залуучуудын Холбоо зорьж байгаа билээ.

Иймээс улс орны ирээдүйн хөгжлийн эзэн болсон Монгол залуу хүн таныг энэхүү хөгжлийн хөтөлбөрт нэгдэж, Монголын залуучуудын хөгжлийн асуудалд өөрийн хувь нэмрийг оруулан бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Монголын ардчиллын 20 жилийн түүхийн хугацаанд эрийн цээнд хүрсэн өнөө үеийн залуучууд бид Монгол дахь ардчиллыг хөгжүүлэх эрхэм үйлсийг нэр төртэйгээр буухиалан үргэлжүүлж, хамтдаа ардчилсан үзэл санаа, үнэт зүйлийн дор хүчирхэг Монголын өөдрөг ирээдүйг бүтээж, Монголын залуучуудын агуу их мөрөөдлийг бодит зүйл болгохын төлөө зүтгэх болно.

Бид айсуй цагийн эзэд

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж