Сөүлийн агаараас цацраг идэвхт иод илэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Сөүлийн агаараас цацраг идэвхт иод илэрлээ

Сөүл хотод цацраг идэвхт иод-131 илэрсэн тухай “Ренхап” агентлаг мягмар гаригт мэдээлсэн байна. Хотын 12 цэгээс авсан агаарын дээжээс уг бодис илэрчээ.
Өмнөд Солонгосын Цөмийн аюулгүй байдлын хүрээлэнгийн шинжээчид цацраг идэвхт иодын хурамтлал хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй хэмжээнд байгааг хэлжээ. Сөүлийн агаарт иод илэрсэн нь Японы атомын станцуудын осолтой холбоотой гэж Ренхап сануулж байна.     

“Домодедово”-гийн террорын сэжигтнүүд баригдав

Ингушетийн Назрань хотод Москва­гийн  “Домодедово” нисэх буудалд хий­сэн террортой холбоотой хоёр хүнийг баривчилсан байна. Амиа золиослогчийг Москвад  авчрах ажлыг хариуцан явуулсан Ислам ба Илес Яндиев нарыг баривчилсан тухай Терроризмын эсрэг үндэсний хорооны төлөөлөгч мэдээлжээ.
Мөн  даваа гаригт ОХУ-ын нисэх хүчний онгоцууд Ингушетийн хэт даврагчдын нууц баазад цохилт өгөн 17 дайчинг устгажээ. Терроризмын эсрэг үндэсний хорооны мэдээгээр тэнд амиа золиослогч нарыг бэлтгэж байсан бөгөөд Хойд Осети, Ингушетийн нутаг дэвсгэрт террорист халдлага хийх  байсан гэнэ.
     
Зэвсгийн агуулах дэлбэрэв

Йеменийн Жаар хотын дэргэдэх зэвсгийн үйлдвэрт  гарсан дэлбэрэлтийн улмаас 110 хүн амиа алдаад байна. Өмнө нь 70 орчим хүн үрэгдсэн гэж байлаа. Эмч нарын мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо илүү байж магадгүй гэнэ. Учир нь ихэнх цогцос танигдахын аргагүй шатсан байна. Амь үрэгдэгсдийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэнэ.

Жаар хотыг гуравдугаар сарын 26-нд “Аль-Каидагийн” 30 дайчин эзэлсэн. Энэ үеэр тэд тэндхийн зэвсгийн үйлдвэрийг тоножээ. Калашниковын автоматын сум үйлдвэрлэдэг уг үйлдвэрт санамсаргүй хаясан тамхины галаас болж дэлбэрэлт гарсан  гэсэн урьдчилсан дүгнэлтийг эрх баригчид гаргаад байгаа ажээ. Дэлбэрэлт гарах үед энэ орчимд нутгийн олон хүн сум, зэвсэг хайн цуглуулж байж таарчээ.
 

Гэрэл зургийн шинэ дуулиан
 
АНУ-д ээлжит шинэ дуулиан мандлаа. Америкийн цэргийнхний афганичуудыг дээрэлхэж байгаа шинэ фото ба видео бичлэгийг The Rolling Stone сэтгүүл дэлгэн тавив. Цэргийнхэн үхсэн хүмүүсийн дэргэд ил тодоор зургаа авахуулсанн байв. Нэг зурагт нь отооноос мотоцикльтэй хоёр хүнийг буудаж байгааг үзүүлжээ. Цэргүүд энгийн хүмүүсийн буудсан байж магадгүй гэж сэтгүүлийнхэн үзсэн байна.
Пентагон энэ талаар нарийн мөрдөлт явуулахаа амлажээ. Өмнө нь Германы Der Spiegel сэтгүүл үхдэлийн дэргэд зургаа авахуулж байгаа америк цэргийнхний зургийг нийтэлсэн. Энэ зургаас үүдэн Америкийн армийн 2-р дивизийн таван цэрэгт санаатайгаар хүний амь хөнөөсөн ял тулгаад байгаа. Харин тэд өөрсдийгөө гэм буруугүй гэжээ.

АЦС-д хэлэх аргагүй байдал хадгалагдсаар байна

Японы Фүкүшима атомын станцын  хоёрдугаар блокт цөмийн түлш хайлснаас болж радиацийн төвшин нэмэгдсэн байна. Цацраг идэвхт иодын хэмжээ хэвийнхээс 10 сая дахин их болсон тухай ням гаригт мэдээлсэн байлаа.

Фүкүшима атомын станцын байдлыг урьдчилан хэлэх аргагүй байна, Засгийн газраас ихээхэн хүчин чармайлттай ажиллахыг шаардаж байна хэмээн ерөнхий сайд Наото Кан үзэж байна. Одоо станцын хоёрдугаар блокийн хонгилийн усанд цацраг идэвхт бодис ихээхэн хуримтлагдсан учраас станцад ажил хийхэд хүндрэлтэй байгаа юм. Үүний зэрэгцээ станцын ойролцоо таван цэгт плутонийн бохирдолт илрээд байна.

Супер цавууг бүтээгч нас барав

Супер цавууны томьёог гаргасан Гарри Кувер (Harry Coover) 94 насандаа таалал төгссөн тухай Associated Press мэдээлжээ. Тэрээр Теннеси муж дахь гэртээ зүрхний хурц дутагдлаар нас барсан гэж охин Мелинда Кувер мэгдсэн байна.

Гэр бүлийн  домгоор тэрээр супер цавууг санамсаргүйгээр нээсэн гэнэ. Кувер 1942 онд пластик линзтэй бууны дуран дээр ажиллаж байхдаа супер цавууны үндэс болсон цианоакрилат бодисыг бий болгожээ. Үр дүнг нь  тэрээр 1951 онд өөрөө мэдэрч супер цавуугаа 1958 онд худалдаанд гаргасан байна.

Өнгөрсөн жил ерөнхийлөгч Барак Обама National Medal of Technology and Innovation салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Куверт Үндэсний медалийг гардуулж байсан юм.
 
Уран барилгын Притцкеровын шагналтан тодров

Португалийн уран барилгач Эдуардо Соуто де Моура 2011 оны уран барилгын салбарын Притцкеровын шагнал авлаа.

Шүүгч нар түүний хадан цохио “ухан” бүтээсэн Брага хотын цэнгэлдэх хүрээлэн, “Түүхийн байшин” зэргийг нь онцлон нэрлэсэн байлаа. Тэрбээр энэ өндөр шагнал авсан хоёр дахь португали хүн болжээ.
Монголчууд Латвийн чихрийг идэх болов
 
Латвийн Laima гэдэг чихрийн үйлдвэр өнгөрсөн сард Монголд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ. Саяхан тэдний бүтээгдэхүүний эхний хэсэг болох 15 тонн чихэр, шоколадыг Монголд  нийлүүлэв. Экспортын хоёр дахь хэсгийг ирэх сарын дундуур нийлүүлэх гэнэ. Үүнд Gutta компанийн жүүс, Everest цэвэр ус, мөстэй цай багтаж байгаа гэнэ.

 NP Foods холдингийн экспортын тасгийн дарга хатагтай Иева Йонсоне “Газар зүйн хувьд бид хол байдаг ч сонирхлоор адил төстэй. Монголд манай бүтээгдэхүүнийг өндөр үнэлдэг” гэж хэлсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж