Ноолуурын экспортын татварыг сэргээх үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ноолуурын экспортын татварыг сэргээх үү?

Гадаах температур нэмэх хэм рүү шилжиж, хөдөөд мөнгөний улирал иржээ. Малчид ямаагаа самнах бэлтгэлээ базааж,  хөдөөгүүр ченжүүд давхилдаж, ноолуурын үнэ огцом чангарч, үйлдвэрлэгчид өргөх бичиг болцгоогоод л. Энэ бүгдээс харахад ноолуурын сезон энэ жил нэлээд эртхэн эхэлж байх шиг.  Хоёр их гүрний дунд хавчуулагдсан монголчуудад давуу болон сул тал олон. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт их гүрнүүдийн бодлого шууд болон шууд бусаар нөлөөлж, тэдний тоглолтоос монголчуудын орлого, зарлага хамааралтай болсоор уджээ.

Өнгөрсөн өвөл Монголын махны зах зээлд “хаанчлал” тогтоож, үнийн хөөрөл үүсгэсэн хятад ченжүүд ноолуурын салбарт байгаа чиглүүлээд эхэлсэн бололтой. Учир нь нийлүүлэлт нь ихэссэн гэх шалтгаанаар магнаг болсон махны үнэ навсайтал унаж, харин ноолуурын үнэ огцом сэргэж байна.  Өнөөдөр түүхий эд авах цэгүүдэд нэг килограмм ноолуур 65-70 мянган төгрөг хүрсэн байна. Энэ нь малчдын урмыг сэргээж, харин үйлдвэрчлэгчдэд айдас төрүүлж буй.  Хөдөө хөхөрч, гадаа гандан өсгөсөн хэдэн ямааныхаа буянаар өр зээлнээсээ хагацахын тулд малчид ноолуурын үнийн өсөлтийг баяртайгаар хүлээн авч байгаа бол үйлдвэрлэгчдийн хувьд  үндэсний үйлдвэрлэлээ сэргээх бодлого баримтлахыг хууль тогтоогчдоос хүсч буй юм. Тиймээс  өнгөрсөн оны “Бизнесийн орчин шинэтгэлийн жил”-ийн төгсгөл болгож Засгийн газраас ноос ноолуурын экспортын татварыг сэргээх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр зэхэж байгаа гэх. Өөрөөр хэлбэл, ноолуурын экспортын татварыг 10 мянган төгрөг болгох асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

2008 онд малчдаас өндөр “очков” авсан хэдэн гишүүн ноос ноолуурын экспортын татварыг тэглэх санал гаргаснаар 2009 оноос түүхий ноолуур ямар ч татваргүйгээр урд хөрш руу урсч эхэлсэн. Экспортоор гарч буй килограмм ноолуурын татвар болох 4000 төгрөгийг цуцалснаар Монгол Улс 16 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн хэмээн Ноос ноолуурын холбооныхон мэдэгддэг.  Засгийн газраас дэвшүүлж буй саналыг УИХ-ын гишүүд хүлээж авсан тохиолдолд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, Хятадын үйлдвэрүүдийн монополь байдлын эсрэг алхам болж чадах гэнэ.

Үйлдвэрлэгчдийн өмнөөс дуугарч буй Засгийн газрын саналыг УИХ хэрхэн хүлээж авах нь  сонирхолтой сэдэв болоод байгаа. Учир нь ирэх  сонгуулийн дөрөөн чи­мээ сонсогдож байгаа уч­раас эрхэм гишүүд энэ асуудалд нэлээд болгоомжтой хандах болов уу. Ялангуяа хөдөөнөөс сонгогдсон ги­шүүд ноос, ноолуурын экс­пор­тын татварыг 10 мянгад хүрэх асуудалд хойрго хан­даж болзошгүй. Тэд ирээ­дүйнхээ улстөрийн карьер уу, энэ улсын хөгжил үү гэдэг салаа замын аль нэгийг нь сонгох сонголттой тулгарна. Засгийн газрын тооцоолсноор  өнгөрсөн оны тооллогоор Монгол Улс 13,5 сая толгой ямаа тоолуулжээ. Үүнээс жилд 6000 орчим тонн ноолуур бэлтгэдэг гэнэ. Нийт ноолуурынхаа 60 гаруй хувийг нь Хятадад экс­портолдог гэж үзвэл өмнөд хөрш руу 3500 тонн ноолуур гаргадаг бололтой. Нэг килограмм ноолуурын экспортын татварыг 10 мянган төгрөгөөр тогтоовол улсын төсөвт жилд 35 тэрбум төгрөгийн хуримтлал бий болох юм. Гэхдээ тэр болгон бэлэн мөнгөний бараа хардаггүй малчдын хувьд зах зээлийн өрсөлдөөн зайлшгүй хэрэгтэйг ч бодолцох нь зөв биз. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд малч­дын амьдралд сөрөг үр дагавар гарахыг үгүйс­гэх аргагүй.  Тиймээс  үйлдвэр­лэгчид малчдаас ноолуурыг нь зах зээлд өрсөлдөхүйц үнээр авахыг  Засгийн газ­раас санал болгож, малч­даа дэмжсэн бодлого хэрэг­­жүүлэхээр төлөвлөж.  Хэдийгээр малчдын хувьд үндэсний үйлдвэрээ дэмжих сонирхолтой ч үйлдвэрлэгчид мөнгөний гачаалалтайгаас багагүй асуудал үүсдэг. Бан­кууд нь зээлээ хумиж, барьцаа хөрөнгө шаарддагаас үйлдвэрлэгчид хүссэн мөн­гөөр хүссэн бараагаа худалдан авч чадахгүйд хүрдэг нь худал биш. Үүнээс болж үйлдвэрлэгчид малчдын хоо­ронд үл ойлголцол үүсэх нь бий.  

Өдрөөс өдөрт суга өсч байгаа  дотоодын ноолуурын үнийг хязгаарлахын тулд биш зах зээлийн чөлөөт тоглолтыг өрнүүлж малчид үйлдвэрлэгчдээ аль алийг нь гомдоохгүй байх нь  Монгол Улсын Засгийн газрын бод­лого байх ёстой гэх саналыг малчдын зүгээс тавьж байна.  Өөрөөр хэлбэл, хөнгөн үйлд­вэр­лэлээ хөгжүүлэхийн тулд эрх­баригчид хөдөө аж ахуйн салбарыг хөсөр хаяж болохгүй. Тиймээс хууль тогтоогчдын зүгээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй бодлого хэрэгжүүлэх ёстой болоод байна. Эрхбаригчдын эл хүсэл малчдын халаасыг тэмтэрч, үйлдвэрлэгчдийн хү­сэлд таацуулахаас илүү энэ хуулийн төслийн эцсийн үр дүн нь их гүрний бодлогыг хязгаарлаж, хятад ченжүүдээс хараат тоглолтыг хазаарлахад л оршиж байвал сайнсан.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж