Солонгосчууд Монголын урлагийг бишрэв

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Солонгосчууд Монголын урлагийг бишрэв

БНСУ-д Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын хийх албан ёсны айлчлалын хүрээнд тус улсад болох Монголын соёлын өдрүүд болон Монголыг соёлын жилийг нээх ёслолд уран бүтээлээ толилуулах 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн лхагва гаригт Солонгосыг зорьсон юм. Өнгөрсөн баасан гаригт Азид ууганд тооцогдох Сөүл дэх тус улсын үндэсний театрт болсон  манай урлагийн тоглолтоор Морин хуурын чуулга болон рок, попынхны хамтарсан шинэхэн бүтээл эгшиглэсэн юм. Тоглолтод Морин хуурын чадварлаг хөгжимчидтэй гитарчин Өөжгий, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, гитарчин Б.Билгүүн, “Шөнийн галт тэрэг” хамтлагийн бөмбөрчин М.Одхүү нар хамтарч ҮДБЭЧ-ын хөгжимчин М.Бирваагийн бүтээлийг  С.Ононбатын найруулснаар тоглов.
Энэхүү шинэ хөгжмийн найруулга “Төвөргөөн” нь Солонгосын үзэгчдэд Монголын ардын хөгжим хэрхэн орчин үеийн хөгжимтэй хослож буйг харуулав. Энэхүү тоглолтыг тэнд сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудаас гадна солонгосчууд үзэж сонирхжээ. Эх орноосоо хол байгаа нутаг нэгт монголчууд маань энэхүү тоглолтыг үзээд түүх, соёлоороо бахархан нулимс дуслуулсан бол солонгосууд гайхан биширч алмайрч байжээ. Мөн энэ өдөр поп дива дуучин С.Нарангийн гайхалтай дуу үзэгчдийг байлдан дагуулж доргиожээ. Ийнхүү монголчууд нэгэн үдэш улс, үндэснийхээ дуу хуурыг сонсон баярлаж өнгөрөөв. Гэхдээ тэдний ихэнх нь энэ талаарх мэдээллийг нэг нэгнээсээ ам дамжуулан мэдсэн гэнэ. Тиймээс “Гадаадад эх орноо төлөөлөн суугаа элчингийнхэн маань хаана юу хийж байна вэ. Хүнд суртал ханхалсан хямсгар эрхмүүд энэ удаад эх орныхоо соёлын томоохон арга хэмжээ болж байхад энэ талаар нутаг нэгтүүддээ мэдэгдэхгүй яав даа, даанч” гэж гомдоллож байсан  гэж Өмнөд Солонгост байгаа монголчуудаас бидэнд мэдээллээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж