Уурхайн маргаанаа зогсоохыг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Уурхайн маргаанаа зогсоохыг сануулав

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн Ховд аймаг дахь томилолт үргэлжилж байна. Тэрбээр гуравдугаар сарын 27-нд Хөшөөтийн нүүрсний уурхайд очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

    Уурхайн ажлыг хариуцан эрхэлдэг “Мо-Энко” ХХК-ийн Төр засаг, олон нийтийн байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн захирал Д.Баттулга УИХ-ын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгөв.

    УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уурхайн удирдлагуудаас уурхайг түшиглэн байгуулах цахилгааны эх үүсвэрийг хэдийд байгуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийг ямар төвшинд хийхээр төлөвлөсөн, нөхөн сэргээлтэд зарцуулах хөрөнгийг зохих дансанд байрлуулсан эсэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах талаар хэрхэн ажиллаж байгаа зэргийг асууж тодрууллаа. Улмаар уурхайтай холбоотой элдэв маргааныг зогсоож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд анхаарч ажиллахыг компанийн удирдлагуудад зөвлөв. Хөшөөтийн уурхай нь тус аймгийн Дарви сумын нутагт байдаг ч засаг захиргааны нэгжийн хувьд Цэцэг суманд хамаарагддаг юм байна.

     УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дараа нь Цэцэг суманд хүрэлцэн ирж, сумын ажил байдалтай танилцан, иргэдэд улс орны амьдралтай холбоотой цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийв.

     Цэцэг сумынхны хувьд хамгийн хүндрэлтэй асуудал нь цахилгаан эрчим хүчний дутагдал. Одоо ашиглаж буй нарны цахилгаан эх үүсвэр нь 2007 оноос ажиллаж байгаа ч иргэдийн хэрэгцээг хангаж чаддаггүй, телевиз үзэх төдийхөнд ашиглагддаг юм байна. Наргүй өдөр бол тус сумынхан цахилгаангүй суудаг аж. Тиймээс сумын иргэд УИХ-ын дарга болон түүнийг дагалдан орон нутагт ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудаас цахилгааны найдвартай эх үүсвэртэй болгох талаар анхаарч өгөхийг хүслээ.

    Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар энэ талаар “2011 онд тус сумыг цахилгаантай болгож амжихгүй. Тиймээс дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй байна. Өмнө нь ажиллуулж байсан гурван дизель станцаа аль болох боломжоороо ашигла. 2012 онд “Мо-Энко” ХХК Хөшөөтийн уурхайг байнгын эрчим хүчтэй болгохоор төлөвлөсөн байгаа. Тэгвэл тэндээс сум руу шугам тавина. Хэрвээ “Мо-Энко” ХХК хугацаандаа байнгын цахилгаантай болж чадахгүй бол Мөст сумын төвөөс цахилгааны шугам татах асуудлыг ярилцана” гэсэн хариултыг иргэдэд өглөө.

     УИХ-ын дарга өчигдөр Алтай, Үенч сумдад ажиллан цаг үеийн ажилтай танилцаж, иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж