
Өнөөдөр улсын хэмжээнд 187 ялтанд 1.221.217.900 төгрөгийн торгох ялыг шүүхээс оногдуулаад байгаа хэдий ч уг ялын дөнгөж 14.4 хувь буюу 85 сая 328 мянга 200 төгрөгийн торгуулийг ялтнаас гаргуулан авчээ. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн боловч гурван жил өнгөрсөн” гэсэн үндэслэлээр ялаас чөлөөлж гэмт этгээдүүдэд ял завшихад хүргэж байгаа аж. Уг нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасан “торгох ялаас ноцтойгоор зайлсхийх” гэдгийг хэрхэн ойлгож хэрэглэх нь тодорхойгүй байгаа нь нөлөөлж байна гэж үзжээ. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав Эрүүгийн хуулийн “Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх” зарчмыг хэрэгжүүлэх үүднээс дээр өгүүлэн буй “ноцтойгоор зайлсхийх” гэх ухагдахууныг хэрхэн ойлгож хэрэглэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд албан ёсны тайлбар гаргаж өгөхийг хүсч Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригтод албан бичиг хүргүүлсэн байна.