Залуу сэтгүүлчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Залуу сэтгүүлчид чууллаа

Төр засгийн үйлчилгээний Нүхт цогцолборт өчигдөр залуу сэтгүүлчид болон сэтгүүлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд чуулж, туршлагатай сэтгүүлч нар, багш судлаачдын илтгэлийг сонсч харилцан санал бодлоо солилцлоо. Ажиллах боловсон хүчин, мэргэжилтнүүдийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй гээд сэтгүүлзүйн салбарт ярилцах хэлэлцэх, тулгамдаж буй асуудал олон. Энэ бүхнийг залуус шүүн ярилцахыг зэрэгцээ сайн сэтгүүлч болохын тулд хэрхэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр залууст хэрэгтэй мэдээ, мэдээллийг нийтэлж, нэвтрүүлж буй байдал, цаашид залуусын мэдээллийн чиглэлд юуг анхаарах зэрэг бүхий л асуудлаар ярилцаж байлаа. Монголын оюутны холбоо НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороотой хамтран зохион байгуулсан “Харилцан ойлголцол-Хамтын ажиллагаа” залуу сэтгүүлчдийн чуулга уулзалтад

-News агентлагын орлогч захирал бөгөөд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч Д.Нарантуяа “Сэтгүүл зүйн өнөөгийн байдал”

-Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Судалгааны албаны дарга Л.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн залуучуудад зориулсан мэдээ, мэдээллийн эзлэх хувь хэмжээ”

-НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны зохиуцуулагч Х.Баттогтох “Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал”

-“New media marketing agency” компанийн захирал А.Мэнд-Орших “Залуучууд руу чиглэсэн мэдээ мэдээллийг “social media” руу чиглүүлэх”

-МУИС-ын Сэтгүүл зүйн танхимын багш Ч.Чойсамба “Сэтгүүлч оюутнуудад мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх нь” сэдвээр тус бүр илтгэл тавилаа. Мөн сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдээр оролцогсод санал бодлоо солилцов.

Нийт хүн амын 60 гаруй хувь нь хүүхэд залуучууд байгаа мөртлөө хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэг мэдээллийн 6-9 хувь /үүнд мэдээж хэрэг уран сайхны болоод хөгжмийн нэвтрүүлгүүд ороогүй/ нь л залууст зориулагдсан байдгийг шүүмжиллээ. Мөн залуус ирээдүйд сайн сэтгүүлч болохын тулд туршлагатай сэтгүүлчид болон оюутны байгууллагын туслалцаа хэрэгтэй байдгаа уламжлав. Сайн сэтгүүлч болж, сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхийн тулд залуус өөрсдийгөө улам боловсруулж, илүү идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байв. Тиймээс сэтгүүлчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнууд цахим сүлжээ байгуулан санал бодлоо солилцон, нарийвчилсан сэдэв асуудлуудаар баг болон сурвалжлага нийтлэл бэлтгэн туршлагатай сэтгүүлчдээс зөвлөгөө авч байхаар боллоо. Оюутнуудын цахим клубын ажлыг Зохиомж дээд сургуулийн оюутан Б.Бадруул удирдахаар боллоо.

А.ТУЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж