Я.Цогтбаатар: Төрийн өмчийг дур мэдэн түрээслэх эрхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Я.Цогтбаатар: Төрийн өмчийг дур мэдэн түрээслэх эрхгүй

Я.Цогтбаатар: Олон нийтийн байгууллага төрийн өмчийг дур мэдэн түрээслэх эрхгүй

“Спортын төв ордон сагсан бөмбөгийн талбайгүй болжээ, Шинээр баригдсан спортын ордонд сагс тоглохын тулд цагийн 250 мянган төгрөгийн төлбөр төлөх нь” гэсэн яриа гадуур тархжээ. Үүний учрыг лавлавал үнэхээр Спортын төв ордны сагсан бөмбөгийн талбай чөлөөт бөхийн холбооны мэдэлд шилжих гэж байгаа аж. Энэ талаар сурвалжилсан юм.

Спортын төв ордонг ТӨХ-нөөс  Биеийн тамир, спортын газарт түрээс­лүүлдэг аж. Харин Биеийн тамир, спортын газар дотоод зохион байгуу­лалт хийж спортын холбоод болон зарим газруудад түрээслэх хэлбэрээр ажилладаг юм. Ордны баруун жигүүрт Биеийн тамир, спортын газар, зүүн жигүүрт нь спортын сургалттай дунд сургууль хичээллэдэг. Үүнээс гадна спортын зарим холбоод, сургалтын төв ч энд бий аж. Сагсны талбайг ямар шалтгааны учир чөлөөт бөхийн танхим болгох  гэж байгаа талаар Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар ийнхүү ярьсан юм.

-Спортын төв ордон сагсны талбайгүй болох гэж байгаагийн шалтгаан юу юм бэ?

-Монголын чөлөөт бөхийн холбооноос энэ танхимыг 2012 оны олимп  хүртэл  түрээслэх  санал тавьсан. Учир нь одоо ашиглаж байгаа танхим нь чанарын шаардлага хангахгүй байгаа учир тамирчид гэмтэх, өвчлөх асуудал их.  Мөн чөлөөтийнхөн олимпийн наадмаас алтан медаль авах хөтөлбөр боловсруулж, гадны шилдэг тамирчдыг урьж, хамтарсан бэлтгэл хийхэд танхим хэрэгтэй байгаа юм билээ. Тиймээс энэ саналыг дарга нарын зөвлөлийн хурлаар хэлэлцээд олимпийн төрөлд амжилт гаргах төрлийг дэмжих нь зүйтэй гэсэн шийд гаргасан. Тэгээд танхимыг Монголын чөлөөт бөхийн холбоонд 2012 оны арваннэгдүгээр сар хүртэл түрээслүүлэх гэрээ байгуулсан. Засгийн газраас баримталж байгаа чиглэл ч гэсэн ийм байгаа.

-Түрээсийн төлбөрт хэдэн төгрөг авч байгаа юм бэ?

-Түрээсийн төлбөр гэж авахгүй. Ингэж танхим гаргаж өгч байгаа нь чөлөөт бөхийн тамирчдад амжилт гаргах боломжолгож байгаа нэг хэлбэр юм. Харин энэ хугацаанд дотоод тохижилтыг холбооны зүгээс хийх юм.

-Дотоод тохижилтын асуудлаас болоод энэ танхимыг зарж байгаа гэсэн цуу тарсан байна. Тэгээд сагсан бөмбөгийн спорт сонирхогчид яах вэ?

-Зарсан, худалдсан тохиолдол огтхон ч байхгүй. Сагсан бөмбөгийн спортыг олон жил дэмжсэн шүү дээ. Харин одоо амжилт гаргах спортын төрлийг дэмжье л гэсэн юм. Сая шинээр нээгдсэн Спортын цогцолборт сагсан бөмбөгийн зориулалтын талбай байгаа шүү дээ. Одооноос стандартын талбайд тоглож эхлэх хэрэгтэй байх.

Ч.Наранбаатар дээрх хариултыг өгсөн бол Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр “Хотын захын сургууль бүрт сагсны талбай байдаг. Харин бөхийн талбай байдаггүй шүү дээ. Энэ бол олимпийн наадамд амжилт гаргах гэсэн бидний хүслийг харгалзаж үзсэн л нэг хэлбэр. Харин өөр ямар нэгэн асуудал дагуулсан юм байхгүй. Манай холбоог энд хоёр танхим эзэмшдэг гэж ярьдаг. Гэхдээ эдгээр танхим нь амжилт гаргахад ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Ер нь манайх спортын төрлүүдийн бэлтгэл хийх танхимгүй нь ичмээр шүү дээ” хэмээж байсан юм.

Биеийн таимр, спортын хороо болон Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд танхим түрээслэх талаар дээрх хариултыг өгсөн юм. Харин Спортын төв ордны “жинхэнэ эзэн” болох ТӨХ-ноос ямар тайлбар өгөхийг сонирхсон юм. ТӨХ-ны Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Я.Цогтбаатартай уулзлаа.

-Спортын төв ордны сагсан бөмбөгийн талбайг Монголын чөлөөт бөхийн холбоонд түрээслүүлэхээр болжээ. Энэ талаар танайд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй байна. Биеийн тамир, спортын газраас энэ талаар тодорхой санал ирвэл бид судалж үзсэний үндсэн дээр түрээслүүлэх эсэхийг шийднэ. Тухайлбал, сагсан бөмбөгийн зориулалтаар ашигладаг талбайг бөхийн зориулалтаар ашиглаж болох уу, үр дүн нь юу вэ гэдгийг харгалзана. Түүнээс биш олон нийтийн байгууллагууд өөрс­дийн дураар төрийн өмчийг дур мэдэн солилцох эрх  байхгүй л дээ.

-Тэгвэл одоохондоо түрээслэх ажлыг эхлүүлэх болоогүй гэж ойлгож болох уу?

-Одоохондоо санал ирүүлээгүй байгаа учир түрээслүүлэх эсэхийг хэлэх боломжгүй. Эдгээр байгууллагын удирдлагууд ямар зориулалтаар  ашиглахаар ярилцса­ныг мэдэхгүй ч дээр ярьж байгаа хоёр спортын төрлийг ялгаварлахгүйгээр шийднэ байх  гэж бодож байна. Мэдээж, дээрх саналыг бидэнд тавихдаа бүх үндэслэлийг сайн боловсруулсны үндсэн дээр өгөх байх.

ТӨХ-ноос дээрх хариултыг өгсөн юм. Ямартай ч сагсан бөмбөг сонирхогчид болон тамирчдыг олон улсын стандартад нийцсэн талбайн соёлд суралцах хэрэгтэй учир шинэхэн Спортын ордонд “дасах” хэрэгтэй хэмээн салбар хариуцсан газрын дарга нь хэлж байна. Тиймээс энэ асуудлыг хаа хаанаа харж үзсэн нь дээр болов уу гэдэг хүлээлт бий боллоо.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж