Сайд аа, гурван тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулах вэ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Сайд аа, гурван тэрбум төгрөгөө хэрхэн зарцуулах вэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Ё.Отгонбаярыг онилжээ. Эрхэм гишүүн сайдад төрийн дохиоллын системийг
зөв ажиллуулахыг анхааруулав.  Харин Ё.Отгонбаяр сайд “Зас­гийн газар
хоорондын гэрээ болон Сургалтын төрийн сангийн зээлээр дэлхийн 10 гаруй
оронд бакалавр, магистр, докторын түвшинд 2000 оноос хойш нийт 6749
мэргэжилтнийг гадаадад сургажээ. Гэвч тэднээс хэд нь эх орондоо эргэн
ирж, мэргэжлийнхээ дагуу ажилласан бэ” хэмээх асуултад нь хариулах
учиртай.

Төр дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг “Монголын оюуны капиталуудыг
өсгөн торинуулах инкубатор” гэж үзэв. Тиймээс тив, дэлхийн олимпиадуудад
амжилттай оролцсон онцгой авьяастай 30-аас доошгүй хүүхэд, залуусыг
олон улсад нэр хүндтэй 50 их, дээд сургуульд инженер, технологийн
чиглэлээр сургахад анхаарал хандуулж эхэллээ. Засгийн газар 2008-2012
оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө өндөр хөгжилтэй орнуудад
суралцагчдын тоог гурав дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн учраас энэ.
Гүйцэтгэх засаглалынхан ч энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд улсын
төсөвт 2011 онд гурван тэрбум төгрөг тусгуулсан юм. Гэвч Монголын оюуны
капиталуудыг бэлтгэхэд жил бүр төсөвлөх гурван тэрбум төгрөгийг ашиг
сонирхлын бүлэглэлүүдийн овоо хараанаас ангид байлгахыг С.Бямбацогт
гишүүн дахин анхааруулав. Тэрбээр “Арын хаалга”-аа нэгмөсөн хаахыг
төрийн албан хаагчдад санууллаа. Засгийн газар хоорондын гэрээ,
Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургуулиудад суралцах
хүсэлтэй олон залуус бий. Харамсалтай нь төрийн өндөр албан
тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд, ах, дүүс, хамаатан садан, тэр ч
атугай танил тал мөнөөх “Арын хаалга”-аар үйлчлүүлдэг гаж тогтолцоо
Монголд хэдийнэ ужгирсан. Тэр ч бүү хэл энэ ажлыг зохицуулдаг зохион
байгуулалттай бүлэглэл бий. Ё.Отгонбаяр сайд эрхэм гишүүний асуулгад
хариулахаас гадна хүний, өөрийн хүүхдүүдийн суралцах эрхэд ялгавартай
ханддаг үзэгдлийг үгүй хийх үүрэгтэй.

Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад докторантур, магистрантурт
суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах журам гэж байх. Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яамныхан үүний дагуу холбогдох байгууллагуудын захиалгад
үндэслэн тухайн жилд суралцах хүмүүсийн тоо, мэргэжлийн чиглэлийг
тогтоодог. Өнгөрсөн 2000 оноос хойш магистрантурт нийт 1326,
докторантурт 1158 хүнийг төрийн хөрөнгө оруулалтаар хилийн чинадад
суралцуулжээ. Харин гадаадын их, дээд сургуульд суралцах эрх бүхий
хүмүүсээс хэчнээн нь зорьсондоо хүрч, төрд “өр”-өө төлж байгаа эсэх нь
тодорхойгүй. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ё.Отгонбаяр сайдаас ингэж
асуув. “УИХ-аас баталсан чиглэлийн дагуу гадаадад суралцуулах
оюутнуудад ямар шалгуур тавих вэ. Өнөөдрийн байдлаар, хэчнээн оюутан
зохих шалгуурыг хангасан бэ. Тэдэнд тухайн мэргэжлээрээ амжилттай
суралцах баталгаа бий юү. Хамгийн гол нь тэд эх орондоо эргэн ирэх үү.
Төр тэднийг ажлын байраар хангаж чадах уу” гэж. Ё.Отгонбаяр сайд аа,
эрхэм гишүүний асуулгад та эдийн засгийн тооцоо, судалгаатайгаар
хариулах ёстой юм байна. Харин боловсролын салбарыг “хүлсэн” авлигачдыг
үргээх дохиоллын системээ ажиллуулахаа мартав аа. Учир нь эдийн засгийн
ашиг сонирхлын бүлэглэлүүд Засгийн газар хоорондын гэрээ, Сургалтын
төрийн сангийн зээлээр суралцах гэсэн залуусын хүсэлд дөрөөлөн авлигын
машинаа ажиллуулаад эхэлчихлээ. Хавар цаг. Тэдний хувьд, энэ бол увайгүй
санаархлаа гүйцэлдүүлдэг оргил үе.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж