Оюутны яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Оюутны яруу найргийн наадам болно

Хан Хэнтий нутгаар овоглосон боржигон нутгийн билэг танхай яруу найрагч Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадмыг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар Хэнтий аймгийн залуучуудын “Хан Хэнтийн залуус” холбоо шийдвэрлэсэн байдаг. Их найрагчийн “Сүмтэй будрын чулуу” яруу найргийн түүвэр номоор нэрлэсэн энэхүү тэмцээн хоёрдахь удаагаа зохион байгуулагдах  гэж байна.
Анхны наадамд 60 гаруй яруу найрагч, оюутан залуус оролцож 3-н даваатайгаар амжилттай сайхан зохион байгуулагдаснаас хойш яруу найрагч оюутан залуучуудын хүсэн хүлээсэн тэмцээн болж чаджээ.
Тэгвэл өнөөдөр 14 цагаас “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн их танхимд “Сүмтэй бударын чулуу” Монголын оюутны яруу найргийн наадам хоёрдох удаагаа зохион байгуулагдах гэж байна. “Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын утга зохиол дахь оюутан залуучуудын яруу найргийн чиг хандлагыг тодорхойлох, тэднийг хөхиүлэн дэмжих, оюуны сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэхэд наадмын зорилго оршиж” байгаа хэмээн зохион байгуулагчид мэдэгдсэн юм.
Наадамд эхний шатнаас шалгарсан 30 уран бүтээлч өрсөлдөх бөгөөд эхний гурван байрыг шалгаруулна.  Мөн наадмын дундуур найрагчийн “Залуу нас”, “Миний Шүтээн”, “Азийн бардамнал” шүлгийг залуу уран бүтээлчид хүрэлцэн ирсэн үзэгчдийн хүртээл болгох ажээ.
 “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадмын зохион байгуулагчаар З.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Хан Хэнтийн Залуус Ассоциаци ажиллаж байгаа бол ивээн тэтгэгчээр MMCG ХХК, Монос Хаус Холд ХХК, Монголын Лектор Төв, Роял Академи оролцож байгаа юм.
Наадмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.choinom.mn цахим хуудаснаас авч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж