Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хятадаас айх айдас

Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн  улс орнуудыг айлгаж байгааг BBC World Service –ээс явуулсан судалгаа харуулж байна.  Дээрх судалгааг дэлхийн 27 орны 28 мянган хүний дунд явуулсан юм.
Судалгаанд оролцогчдын дийлэнх нь Хятадын эдийн засаг улам хүчирхэгжиж байгаа нь худалдааны түнш баян орнуудад сайн зүйл биш гэж үзжээ. BBC World Service-ээс 2005 онд явуулсан судалгаатай харьцуулахад АНУ, Канад, Франц, Герман, Италид Хятадын эдийн засгийн өсөлтөд таагүй хандах нь нэмэгдсэн аж. Мөн Их Британи болон Мексикт ч бас ийм хандлага хүчтэй болж байгаа гэнэ. Дээрх судалгааг явуулсан орнуудын 50 хувь нь Хятадын эдийн засгийн өсөлтийг эерэгээр, харин 33 хувь нь таагүй хүлээн авч байгаа аж.  Харин Хятадын эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжсэн орнууд нь Африкын Нигери (82 хувь) , Кени (77 хувь) байжээ.  Хөгжиж буй орнуудаас Мексикээс бусад орнууд Хятадын бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.  Хятад огцом өсч буй секторуудад тэнцвэрт байдлыг хадгалахын тулд дотоодын зах зээлээ хөгжүүлэх арга зам хайж байгаа аж. Өмнөх судалгааг явуулахад дэлхийн улс орнууд эдийн засгийн уналтад ороод байсан бөгөөд үр дагавар нь дэлхийн санхүүгийн хямрал  байсан юм. Дэлхийн санхүүгийн хямрал хөгжилтэй орнуудыг ч тойроогүй.  Дэлхийн эдийн засаг сэргэх хандлага гарсан нь хөгжилтэй орнууд ялангуяа Хятадын эдийн засаг асар хурдтай өсч буйтай холбоотой.  Харин баян орнуудад эсрэгээрээ санхүүгийн хямралаас гарахад хэцүү байгаа аж. Эдийн засгийн уналтаас  шалтгаалсан ажилгүйдэл тэдгээр орнуудад нэмэгдсээр байгаа нь хямрал дахин хэдэн жилээр үргэлжилнэ гэсэн айдас төрүүлж байгаа юм.  
New York Times  сонины нэртэй тоймч, Пулицерын шагналт, Том Фрейдман  BBC-д өгсөн ярилцлагадаа: “Барууны  сонгодог ардчилал зогсонги байдалд ороод байгаатай зэрэгцэн Хятадын эдийн засаг хурдацтай өсч байгаа нь таагүй хэрэг” гэжээ.  Судалгаанд оролцогчдоос Хятадын худалдаа хэр шударга вэ гэсэн асуултад Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг орны иргэдийн 50-аас илүү хувь нь шударга бус гэж хариулсан бол 24 хувь нь шударга гэж үзжээ.  Гэсэн хэдий ч шүүмжлэгчид Хятадын худалдааны бодлого шударга бус өрсөлдөөнд үйлдвэрүүдэд давуу тал олгодог гэдэг. Хятад одоо ч дуурайлгасан, хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрээс болж хавчигдаж байгаа билээ. Хөгжиж буй орнууд ялангуяа Африкын орнууд Хятадын эдийн засгийн өсөлтийг эерэгээр хүлээн авч байгаа нь Хятадын хөрөнгө оруулалт улам бүр хүрээгээ тэлж буйтай холбоотой. Ингэснээр  дээрх орнуудад ажлын байр бий болж, дэд бүтэц хөгжих боловч хариуд нь Хятад эрчим хүч болон ашигт малтмалыг нь сонирхох нь гарцаагүй. Гэсэн хэдий ч бизнесийн хүрээнийхэн тэр бүү хэл Хятадын бодлогыг хатуу шүүмжлэгчид ч эдийн засаг нь өдөр ирэх тусам өсч буйг эерэгээр харж байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж