Д.Батхуягийн хэрэгт прокурор даалгавар бичжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийн хэрэгт прокурор даалгавар бичжээ

АМГ-ын дарга Д.Батхуягт холбогдох хэргийг шалгаж буй АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдлөгө хууль ёсоор явагдаж буй эсэхэд прокурор хяналт тавихаар хэргийг татсан тухай бид мэдээлсэн билээ. Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа ямар шатандаа явж буй талаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Дэлгэрнасангаас тодрууллаа.

-АМГ-ын дарга Д.Батхуягт холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусах болж байна уу?
-Эхний ажиллагаа хийгдэж байна. Уг хэргийг АТГ шалгаж эхлээд нэг сарын хугацаа өнгөрсөн. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчин 192 зөвшөөрөл олгосон эсэхийг тогтоохоор  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хуульд заасан хугацаанд нь мөрдөн байцаах ажиллагааг явуулах, шуурхай шалгаж дуусгах даалгаварыг  бичиж хэргийг  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс рүү буцаалаа.
-Уг хэрэгтэй  холбоотой АМГ-ын хэд хэдэн ажилтныг  нэмж сэжигтнээр татсан гэсэн мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
– АМГ-аас хууль зөрчин олгосон гэх 192 зөвшөөрөл олгосон баримт бичиг, тушаал шийдвэрийг нэг бүрчлэн шалгана. Хэн хэн ямар оролцоотой байв гэдгийг  ч шалгах юм.  Одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд батлагдсан урт нэртэй хуулийг зөрчин олгосон 254 лицензийг цуцлах шийдвэр гарныг та бүхэн мэдэх байх. Тэр 254 зөвшөөрөл дотор дээрх 192 зөвшөөрөл багтаж буй эсэхийг шалгаж тогтооно .  Зөвшөөрөл олгогдсон газрын байршил, бүтцийг тодорхойлох гээд нарийн ажиллагаа хийсний дараа сэжигтнээр татагдсан хүмүүсийг  гэм буруутай  эсэх тогтоогдоно.
-Д.Батхуяг даргыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэх санал гаргасан гэж сонссон?
-Тийм зүйл байхгүй.
-Яг ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн бэ, хэргийн зүйлчлэл нэмэгдэх, өөрчлөлт орох болов уу?
-Одоогоор хэргийг шалгах эхний ажиллагаа явж  байгаа учраас тэр, энэ хүн буруутай гэж үзэх үндэслэлгүй. Мөн мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байхад тодорхой мэдээлэл өгөх ч  боломжгүй.  Зарим сонин хэвлэл дээр гарсан мэдээллийн дагуу одоогоос сарын өмнө “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” Монгол Улсын хуулийг зөрчиж 192 зөвшөөрөл  бусдад олгосон гэх үндэслэлээр  манай прокурорын газраас  даалгавар бичиж АТГ хүргүүлж, шалгаж эхэлсэн.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж