Сангийн сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Сангийн сайд Сэлэнгэ аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол, Хүдэр, Ерөө сум болон Бугант тосгонуудад ажиллалаа. Тэрбээр нутгийн ард иргэдтэй уулзалт хийж УИХ, Засгийн газрын бодлого үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлаж, цаг үеийн асуудлаар ярилцаж, нутаг орны аж байдалтай танилцсан юм.

Тэрбээр одоо ид яригдаж байгаа Оюу толгой, Таван толгойн ашиглалт, ногдол ашиг хувьцааны талаар болон төсөв мөнгөний асуудал, Хүний хөгжил сан, алдарт эхийн одон, цалин тэтгэвэр тэтгэмж, шинээр боловсруулагдаж байгаа хууль тогтоомж зэрэг өргөн асуудлаар иргэдтэй ярилцсан.

Тус сумдууд нь Бороогийн алтны уурхай, манай улсын стратегийн орд болох Төмөртэй орд, Баянголын уурхай зэрэг олон ордтой уул уурхайн томоохон сав газар юм. Мөн Бугант суманд Толгойтын алтны үйлдвэр, Ерөөгийн мод бэлтгэлийн үйлдвэр зэрэг социализмын үеэс ашиглаж манай улсын төсвийг бүрдүүлж байсан томоохон үйлдвэрийн газрууд ажиллаж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт өрнөж байсан нутаг. Харин зах зээл эхлэх үеэс үйлдвэрүүд нь хаалгаа барьж орон нутгийн иргэд ажилгүй болж, ахуй амьдрал уруудсан хэмээн нутгийн иргэд хэлж байлаа.  Ажилгүй иргэдийн асуудалд төр засгаас ямар анхаарал тавьж байгааг зөвхөн энэ суманд бус явсан газар бүр ихээхэн сонирхож байсан. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ “Улсын хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ЖДҮ-ийн сан байгуулж өнгөрсөн оноос улсын хэмжээнд 30 тэрбум төгрөг тараасан. Энэ жил мөн дахин 30 тэрбум төгрөг, Японы Засгийн газраас 70 тэрбум төгрөг, орон нутгийн иргэдийг дэмжих үүднээс аймаг бүрт 800 сая төгрөг, сумдад 50-75 сая төгрөгийг өгч байгаа. Тиймээс юм хийе бүтээе, ажилтай орлоготой болъё гэж бодсон хэн боловч орон нутагтаа асуудлаа шийдвэрлэх боломжтой болсон тул энэхүү боломжийг зөв ашиглах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сумын иргэд аймгийн төвөөс алслагдсан зам харгуй муу, сургууль цэцэрлэгийн барилга, дотор байрны асуудалтай, интернэт байхгүй зарим газар үүрэн телефоны ганцхан сүлжээтэй байгаад гомдоллож шүүмжилж ч байлаа. Мөн “Хүний хөгжил сан”-гаас хүртээж байгаа мөнгийг бэлнээр авах, банкны өрөнд шилжүүлэх, орон сууц авахад зарцуулах хүсэлтэй байгаа, алдарт эхийн одон авахад нас барсан хүүхдийн тоог оруулахгүй байна, бичиг баримт нь олдохгүй байна, цалин тэтгэвэр бага байна, зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал хүндрэлтэй байна гэх зэрэг тулгамдаж байгаа асуудлаа Сангийн сайдад танилцуулж төр засгаас яаж шийдвэрлэж, ямар байр суурь барьж байгаа талаар тодорхой хариултыг ч авч байлаа.

Иргэд Сангийн сайд С.Баярцогттой уулзах үеэр нутаг орныхоо төдийгүй улс эх орныхоо хөгжлийн төлөө ихээхэн хүчин чармайлт гарган идэвхитэй ажиллаж байгааг бид бэлхэнээ харж, талархаж явдаг бөгөөд цаашид улам их зүйл хийж бүтээнэ гэдэгт итгэж явдаг хэмээн энэ үеэр хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж