Шархадсан “хун” үзэгчдийг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Шархадсан “хун” үзэгчдийг гайхашруулав

Балет жүжигчдээс тэсвэр, тэвчээр, хатуужил шаарддаг урлаг. Хар цагаан хунд зэрэг гоцлох театрын хун Б.Саруул хэсэг хугацаанд нуурандаа хөвж чадахгүйд хүрэв. Тэрбээр өчигдөр тоглосон П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад тоглож байх үеэр хөлдөө гэмтэл авсан юм. Энэ өдөр Америкийн удирдаач Жиндон Кэй симфони найрал хөгжмийг удирдсан болоод ч тэр үү, гадны үзэгчид олон байсан.
Оросын суут хөгжмийн зохиолчийн аялгуу эгшиглэж, “Хунт нуур” балет эхэллээ. Үзэсгэлэнт Одетта гүнжийн дүрээр Б.Саруул тайзнаа гарч ирлээ. Түүнийг хар санаат Ротбарт цагаан хун болгон хувиргав. …Ханхүү Зигфридын төрсөн өдрийн цэнгүүн хааны ордонд болж байна. Ханхүү Зигфридэд театрын гоцлооч О.Ганцоож тоглов. Ханхүү гэрлэх бүсгүйгээ сонгох хэрэгтэйг хатан ээж нь сануулна. Гэвч ханхүүгийн сэтгэлийг татах бүсгүй ордонд байсангүй. Тэрбээр сэтгэлээ сэргээхээр шөнө дөлөөр нумаа аван ойн гүнд зугаална. Ойн гүнд үзэсгэлэн төгс цагаан хун бүжнэ. Тэр дэндүү үзэсгэлэнтэй. Ханхүү үзэсгэлэнт цагаан хунд сэтгэл алдарч түүнтэй хамт шөнөжин бүжнэ. Яг энэ үед үзэгчид Б.Саруул, О.Ганцоож хоёрын уян налархай хөдлөх, хөдөлгөөн бүрт нь уярч, симфони найрал хөгжмийн хөг эгшигт ховсдуулж байтал гэнэт цагаан хун зүүн хөлдөө нэг л зовиуртай байгааг хамгийн хайхрамжгүй үзэгч ч анзаарахаар байсан юм. Гэсэн ч цагаан хун тайзнаа тоглолтоо үргэлжлүүлсээр байв. Нэгдүгээр бүлэг өндөрлөж, 15 минутын завсарлага эхэллээ. Сэтгэл түгшсэн үзэгчид Б.Саруулыг гуравдугаар үзэгдэлд бүжиглэхгүй, хар хунд өөр бүжигчин тоглох байх хэмээн таамаглана ярина. Арга ч үгүй биз дээ. Сэтгэлийн их хат, зориг, мэдрэмж шаарддаг “Хунт нуур”-ын хар, цагаан хунд зэрэг бүжиглэнэ гэдэг балетчин хүний дээд шалгуур. Гуравдугаар үзэгдлийн хар хунгийн алдарт 32 эргэлт бүжигчдээс өндөр ур чадвар, техник, хүчийг шаарддаг гэдэг. Тиймээс ч Б.Саруулыг бүжиглэхгүй, оронд нь магадгүй Б.Батчимэг, Г.Цолмонг бүжиглэнэ хэмээн таамаглаж байв.
Танхимд хонх дуугарч байна. Завсарлага дуусчээ. Симфони найрал хөгжимчид удирдаач Жиндон Кэйгийн удирдлага дор П.И.Чайковскийн хөгжмийг тоглолоо. Хөшиг нээгдэхэд хааны ордонд цэнгүүн болж байна. Энэ үдэш ханхүү Зигфрид гэрлэх бүсгүйтэйгээ сүй тавих ёстой. Ордонд олон зочид иржээ. Хар хунг ирж байгааг илтгэх хурдтай, хүчтэй хөгжим эгшиглэнэ. Яг одоо л хар хун гарч ирэх гэж байна. Хэн байх бол… Үзэгчдийн алга ташилт тасралтгүй үргэлжиллээ. “Шархадсан хун” тайзнаа дахин гарч ирлээ. Үргэлжлүүлэн бүжиглэхээр шийджээ. “Хунт нуур” балетын хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг. Хар хунгийн 32 эргэлт. Яагаад ч юм Б.Саруул 32 эргэлтийг урьд урьдынхаас илүү төгс сайхан хийх шиг санагдсан. Ямар их тэвчээр вэ. Үзэгчид ч түүний энэ их зориг, тэвчээрийг алга ташилтаар шагнасан. Театрын хун гэмтсэн ч дүүлэн ниссээр, үзэгчдийг бишрүүлсэн юм. Тоглолтын дараа Б.Саруулд санаа нь зовсон үзэгчид тайзны ард очиж юу болсныг асуух гэсэн боловч, гадны хүн орохыг хориглосон байв. Балетчин бүсгүй шагайгаа мулталж орхижээ. Ирэх сарын 24-нд “Хунт нуур” балетыг дахин тоглоно. Шархадсан хунг хөлөө эдгээгээд ирэх тоглолт дээр дахин хун болж дэвэхийг харна гэдэгт олон үзэгчид итгэлтэй байсан. Дуурийн театрын авьяаслаг, үзэсгэлэнт, цагаахан хун тэсвэр хатуужил, авьяас билгээрээ үзэгчдийг ийнхүү дахин нэг удаа гайхашруулж орхисон шүү. 

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж