Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал лхагва гаригт болно

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарын шүүх хурал лхагва гаригт болно

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүн Ц.Мөнхбаяр,  “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал лхагва гаригт буюу энэ сарын 30-нд  болох аж.  Хэрэгт холбогдсон Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн  153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн  “Улс эх орныхоо эрх ашиг,  байгаль орчноо сүйрлээс аврахын  төлөө тэмцсэн хүмүүсийг улс төрийн зорилгоор яллахыг санаархаж байгаа хэрнээ  байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан “Пураам”, “Сентерра  гоулд” компанийн захирлуудын хэргийг өнөө хэр нь мөрдөн  байцаалтад  байлгаж буй нь шударга бус үйлдэл” гэх тайлбарыг өгсөөр байна. Тэд өнөөдөр Ц.Мөнхбаяр тэргүүтэй дөрвөн хүний яллах ёсгүй гэж  мэдэгдлээ. Учир нь Эрүүгийн хуулийн 40.1-т зааснаар “Аргагүй хамгаалалтын байдалд буюу энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, бусад эрх эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Үүнийг  үндэслэн улс орон, ард түмний эрх ашгийн төлөө хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан алтны компаниуд руу буудсан явдлыг гэмт хэрэг гэж үзэн яллах гэж байгааг эсэргүүцэж байгаа аж. Уг хэргийн талаар эргэн сануулбал өнгөрсөн оны есдүгээр сарын 2-нд  Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Пураам”, “Сентра гоулд” компанийн  техник руу олон удаа буудсан юм. Хэрвээ тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол албадан ажил хийлгэх, торгох, 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуулийн заалттай.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж