Монгол цэргүүдтэй хамт Афганистанд

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Монгол цэргүүдтэй хамт Афганистанд

Саяхан Афганистанд алба хааж байгаа монгол цэргүүдтэй хэсэг цаг хугацааг хамт өнгөрөөсөн маань миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд сайхан завшаан байлаа. Тэдний ур чадвар, эр зоригийн аль алиныг гайхан биширсээр эргэж ирлээ. Монгол Улс бусад олон орны цэргүүдтэй хамтран, бараг сүүлийн 30 жилийн турш дайны хөлд нэрвэгдэж буй энэ улсад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.


Афганистанд байгаа монгол цэргийн бие бүрэлдхүүн Кабул дахь Эггэрс бааз, мөн хойд зүгт Файзабадад герман цэргүүдийн хамт баазын хамгаалалт зэрэг төрөл бүрийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн монгол цэргүүд Афганы армийн цэргүүдэд нисдэг тэрэгний засвар үйлчилгээ, их буу, миномётын чиглэлээр сургалт явуулж байна.

Энэ тусламж дэмжлэгт АНУ баяр хүргэж, өндрөөр үнэлж байна. Төрийн Нарийн Бичгийн дарга хатагтай Клинтоны  саяхан,Азийн нийгэмлэгийнхэнд хандаж Афганистан, Пакистан улсуудтай харилцах асуудлаар  хэлсэнчлэн  АНУ, түүний холбоотнууд болон  түншүүд Афганистаны  төр, засгийн газрын тогтвортой байдал, хариуцлагатай улс төрийн шийдлийг цаашид  ч тууштай дэмжих болно. Шилжилтийн талаар бидний баримталж байгаа энэхүү алсын харааг Афганистаны төр, засгийн газар хуваалцаж байгаа билээ.

Өмнө нь Сиерра Леонд НҮБ-ын ажиллагааг дэмжин оролцож байсан Монголын энхийг сахиулагчдын бие бүрэлдхүүний командлагчаар ажиллаж байсан хурандаа Батжаргалын чадварлаг удирдлаган доор Афганистанд байгаа монгол цэргийн бие бүрэлдхүүн тэдэнтэй танилцаж, хамтран ажиллаж байгаа хэн бүхэнд арилшгүй тод сэтгэгдлийг үлдээж байгаа нь эргэлзээгүй. Өнгөрсөн долоо хоногт Кабулд байх хугацаанд надад төрсөн сэтгэгдлээс энд хуваалцая.

Монгол цэргүүд дэлхийн бусад олон орныг хамарсан томоохон эвслийн нэг хэсэг юм. Афганистанд цэргийн амралтын өрөө, хоолны газар хаана л бол хаана монгол цэргүүд зөвхөн АНУ төдийгүй Англи, Герман, Франц, Испани, Голланд, Канад, Хорват, Турк, Македон, Сингапур, Чех болон бусад орнуудын хамтрагчидтайгаа “мөр алгадан” уулзаж, ярилцаж байх нь олонтаа. Нэг удаа би турк цэрэгтэй ярилцаж буй монгол цэргийг харсан юм. Тэрээр өмнө нь Туркт сурч байсан бөгөөд өөрийнх нь хэлээр ус цас шиг ярих монгол хүнтэй уулзаж байгаадаа турк офицер их л гайхан баярлаж байгаа нь илт байв.


Монгол цэргүүд мэргэжлийн маш өндөр бэлтгэлтэй. Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчин буюу ISAF-ийн дэд командлагч, дэслэгч генерал Букнэл болон генералаасаа офицероо хүртэл бусад олон хүмүүс монгол цэргүүдийн ур чадвар, ажил үүрэгтээ үнэнч, тууштай байдаг чанарыг онцгойлон магтаж байв. АНУ-ын Элчин сайдын яамнаас барьсан зоогт Элчин сайд Эйкенберри мөн дэмжиж буйгаа хурандаа Батжаргалд уламжилсан билээ. Анх Кабул хотод Монголчуудыг хараад гайхаж байсан сэтгэгдэлээсээ зарим хуваалцаж, тэдний оруулж буй хувь нэмрийг үнэлж байгаагаа бас дурьдсан.

Монгол цэргүүд олон улсын үүрэгтээ улам ихээр дасан зохицож байна. Кабулд одоо алба хааж буй олон монгол цэрэг өмнө нь Сиерра Леон шиг газруудад НҮБ-ын энхийг сахиулагчаар болон Иракт том эвслийн бүрэлдхүүнд ижил төстэй үүрэг гүйцэтгэж байсан. Эдний зарим нь Афганистанд бүр хоёрдахь удаагаа алба хааж байна.

Сайн дурын, олон улсын ийм үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүд болон тэдний гэр бүлүүд их зүйлээ зориулж байгаа билээ. Цэргийн хуаран дахь орныхоо ард фото зураг, гэр орноо санагдуулах зүйлсээ хадсан байхыг харахад сэтгэл хөдөлмөөр байлаа. Тэдгээр зураг нь эхнэр, найз охин, хүүхдүүдийнх нь зураг байх бөгөөд түүний дотор 3 настай өхөөрдөм хөөрхөн ихрүүдийн зураг байна. Миний уулзсан цэргүүдээс лав л хоёр нь энэ хавар гэртээ эргэж ирэхдээ Афганистанд байх хугацаанд нь төрсөн шинэ хүүхдүүдээ анх удаа харахыг тэсэн ядан хүлээж буйгаа хэлж байсан.

Монгол цэргүүд эцэг өвгөдийнхөө нэгэн цагт алба хааж байсан газар оронтой түүхийн холбоо хэлхээгээ дахин сэргээж байна. Найман зууны тэртээ монгол цэргүүд Кабул мөрнөөс морио усалж байсныг эргэн санахад сонирхолтой юм. Төв Афганистанд амьдардаг, үндэсний цөөнх болох хазарачууд өөрсдийн удам угсаагаа тэр үеийн монголчуудаас гаралтай гэж үзэхийн сацуу олон судлаачид монголчууд болон хазарачуудын хувьд гадна төрх төдийгүй ёс заншлын хуьд адил төстэй зүйл байгааг ажигласан байдаг. Тэд талибаны дэглэмийн дор хамгийн их дарангуйлал амссан үндэстэн билээ. Монголчууд Афганистанд танилцсан хазарачуудад нэг л “онцгой дотно ханддаг” гэж нэг монгол цэрэг надад ярьсан. Нэг хазара хүн тоглоом шоглоомоор “Та нар яагаад биднийг энд орхиод явчихсан юм бэ?” гэж асуусан тухай өөр нэг цэрэг дурсаж байлаа.

Монгол цэргүүд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэр төрийг улам бэхжүүлж байна. Үүнтэй зэрэгцэн Африк болон өөр газруудад НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд ч, Афганистанд одоо гүйцэтгэж байгаа үүргээрээ ч Монгол Улс асар их хувь нэмэр оруулж байгаа билээ. Улаан, цэнхэр, шар өнгө хосолсон далбааг Монгол цэргийн бие бүрэлдхүүний мөрөн дээр намирахыг харж, Афганистаны хөх тэнгэрийн доор Монгол Улсын сүлд дуулал эгшиглэхийг сонсоход хэдийгээр монгол хүн биш ч миний сэтгэл ихэд хөдөлж байлаа.

Миний хувьд энэ аялалын үеэр болсон нэгэн онцгой зүйл бол Афганистанд албаа хааж дуусах дөхөж буй арав гаруй монгол цэргийн энгэрт бусад олон орны анд нөхдийнх нь өмнө ISAF-ийн медалийг зүүж өгсөн явдал байв. Мөн анх 2009 онд Монголоос очсон хамгийн эхний ээлжийн цэргүүд Кабулд барьж үлдээсэн гэрт зочилж, уламжлалт монгол зочломтгой занг дахин мэдрэх таатай байлаа.Тэнд Хинду Кушийн цасан малгайт уулсын бэлд байхдаа би Ховд, Хэнтий, эсвэл Архангайн адил төстэй уулсыг санагалзан байлаа.

Одоо Афганистанд алба хааж буй монгол цэргүүдийн ихэнх нь 2010 оны 10-р сард очсон бөгөөд хэдхэн долоо хоногийн дараа гэртээ эргэн ирнэ. Харин тэдний орыг шинэ бүрэлдхүүн залган авч, үйл хэргийг нь үргэлжлүүлнэ. Шинэ ээлжийнхэн ажил үүргээ гүйцэтгэхийн сацуу монгол цэргийн төдийгүй Монгол Улсынхаа түүхэнд дахин нэг шинэ бүлгийг бичилцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Кабулд үзсэн харсан бүхэн маань тэдний хувь нэмэр ч мөн адил амжилттай байх болно гэсэн баттай итгэлийг надад өгч байна.  

         
АНУ- ын Элчин сайд Жонатан Эдлтон

2011 оны 3-р сарын 28

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж