Б.Обама М.Каддафид захидлынх нь хариуг барив

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Б.Обама М.Каддафид захидлынх нь хариуг барив

Ливийн удирдагч Муаммар ал Каддафи АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан захидал илгээсэн билээ. Олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татаж буй энэ захидлыг бүрэн ихээр нь нийтэлж байна.

Бидний хүү, хүндэт Барак Хусейн Обамад,

Миний хэлсэнчлэн бурхан хориглосон байлаа ч АНУ, Ливийн хооронд  дайн дэгдвэл Чи миний хайртай хүү хэвээр байх болно гэдгийг санаарай. Чиний гэсэн бүх зүйл миний сэтгэл зүрхэнд урьдынхтай адил хэвээр байх болно. Хүүхэд, эмэгтэйчүүд гэлтгүй Ливийн ард түмэн бүгд надтай хамт үхэхэд бэлэн байгаа. Бид Исламын ертөнц дэх “Аль-Кайда” бүлэглэлтэй тэмцэж байгаагаас өөр зүйл үгүй. Зэвсэгт бүлэглэлүүд Ливиэс эхлээд Мавритан, Алжир, Мали зэрэг оронд дайн, байлдаан өдүүлсээр ирсэн. Хэрэв тэд АНУ-ын аль нэгэн хотод зэвсэг бариад босвол та ямар арга хэмжээ авах вэ. Би таны авах байсан тэр арга хэмжээг авч байгаа гэж бодож байна.

Ойрхи Дорнодын орнуудад болж буй ээлж дараалсан хувьсгалын улаан шуурга Ливид ирээд гацчихлаа хэмээн ажиглагчид дүгнэж байна. Ливийн удирдагч М.Каддафи албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ зарлаж, зэвсэгт босогчидтой ширүүн аргаар тэмцэх болно гэдгээ анхааруулж байгаа нь үүний гол шалтгаан юм. Харин АНУ, Франц, Их Британи улс НҮБ-аас гаргасан “Ливийн агаарын хилд орохыг түр хугацаанд хориглож байсан” гэх анхааруулгыг зөрчиж Ливийн хэд, хэдэн хотод агаараас цохилт өгсөн. Энэхүү байлдааны ажиллагааны үеэр бөмбөгдүүлсэн хотын ард иргэд нэлээд хүнд байдалд ороод байгаа юм. Агаараас цохилт өгөх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гаргасан хэмээн Африк тив хариуцсан АНУ-ын армийн генерал Картер Хам дурьдсан. Тэрбээр Ливид явуулж байгаа байлдааны ажиллагаа цаашид хэрхэн үргэлжлэх талаар тайлбар хийсэн юм. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Конгресс Б.Обамаг Ливид явуулсан агаарын цохилтын талаар тайлбар хийхийг шаардсан билээ. Конгрессын зарим гишүүн Барак Обамаг ойрын үед тодорхой тайлбар өгнө гэдэгтээ ч итгэлтэй байна.

Ливийн Ерөнхийлөгчийн байр суурь нэгэнт тодорхой болсон. Тэрбээр Б.Обамад хандан захидал илгээсний дараа өргөө нь агаарын цохилтод өртсөн юм. М.Каддафи захидлынхаа хариуг ийнхүү авчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өргөө нь үнсэн товрого болсныг хараад тэрбээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн аж. М.Каддафи “АНУ-ыг бид бүхэн, бас би өөрийн хүү мэт санаж явдаг байсан. Гэтэл энэ нь том эндүүрэл байжээ. Тэдний хувьд манай орны ард түмнийг хамгаална гэх мэт худал хуурмаг зүйл ярьж, хүний эрх, эрх чөлөөний тухай онцолж байсныг эргэн санахад үнэхээр ичгэвтэр санагдаж байна. Манай ард түмэн газрын тосны баялгаараа дэлхийд дээгүүрт ордог. Харин өнөөдрөөс эхлээд АНУ-ын хэн ч байсан бидний хувьд юу ч биш боллоо” гэв.

Ямар ч дайны ард нүдэнд бодитоор харагддаггүй эрх ашиг үргэлж дагалдаж байдаг. Ливийг чиглэсэн АНУ-ын агаарын дайралтын золиос нь М.Каддафи биш, харин түүний цэргүүд, Ливийн энгийн номхон ард иргэд болж байна. Тиймээс энэ бүхэн нь нэлээд шүүмжлэл дагуулж байгаа юм.

Б.БААТАР


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж