Дөргөний станц бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дөргөний станц бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлжээ

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэлийн орон нутаг дахь ээлжит томилолт бямба гаригт Ховд аймгийн төв Жаргалант сумаас эхэллээ. Тэрбээр энэ удаа тус аймгийн Жаргалант,  Дарви, Цэцэг, Алтай, Үенч, Булган суманд тав хоног ажиллах юм.
Жаргалант суманд хүрэлцэн ирсэн УИХ-ын даргад аймгийн Засаг дарга Г.Нямдаваа аймгийнхаа ажил байдлын талаар танилцуулав. Тус аймгийн хувьд энэ онд улсын төсвөөс 20-иод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ. Өнгөрсөн онд ч мөн чамлахааргүй хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг Г.Нямдаваа дарга дуулгав. Тодруулбал, аймгийн төвд 50 ортой эмнэлэг барьж ашиглалтад оруулсан бол хоёр ч суманд сурагчдын дотуур байр ашиглалтад оруулжээ. Баруун бүсийн хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнг дөрвөн тэрбум төгрөгөөр барихаар зураг төслийг нь гаргаснаас өнгөрсөн жил нэг тэрбум гаруй төгрөг төсвөөс гаргасан байна. Түүнчлэн аймгийн төвд 108 суварга бүхий Ганданпунцагчойлон хийд, 100 гаруй айлын орон сууц барьж бүх багийн Засаг дарга нараа мотоцикльтой болгосон гээд хөрөнгө оруулалт нэлээд хийжээ.
Тус аймгийн хувьд хөгжүүлж болохуйц бас нэг ирээдүйтэй салбар нь аялал жуулчлал гэдгийг Г.Нямдаваа дарга онцолж байв. Долоо хоног бүрийн пүрэв гаригт Үрэмч-Жаргалант чиглэлд олон улсын нислэг үйлддэг болсон нь энэ салбарыг хөгуүүлэхэд ач холбогдолтой гэдгийг хэлж байв. Ховдынхны хувьд бас нэг таатай мэдээ байгаа нь Дөргөний усан цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж эхэлсэн явдал юм. Урьд нь гурван мегаваттын цахилгаан үйлдвэрлэж  байсан тус станц өдгөө долоон мегаватт эрчим хүч гаргадаг болжээ. Ер нь Ховд аймгийн ажил нэлээд өөдрөг байгаа гэдэг нь Засаг даргын танилцуулгаас харагдаж байлаа. 450 га газар чацаргана тариалах зорилт тавин ажиллаж байгаа тус аймгийнхан хоёрхон жилийн дотор 175 га-д тариалж, 80 тн ургац хураан авчээ. Ингэснээр 260 орчим ажлын байр шинээр бий болгосон байна.
Аймаг орон нутгаас санаачлан хэрэгжүүлж байгаа бас нэг төсөл нь “Оюунлаг Ховд”  хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр жил бүр таван багш, гурван эмчийг шалгаруулж, нэг нэг сая төгрөгөөр урамшуулдаг болсон байна.  Хэдийгээр өнгөрсөн зун зарим суманд зуншлага тааруу байсан боловч малын хорогдол өмнөх жилийнхээс харьцангуй бага байгаа. Одоогоор мал төллөлт 86 хувьтай байна гэсэн мэдээллийг Засаг дарга өгсөн юм.
Харин Г.Нямдаваа даргын дуулгасан нэг таагүй мэдээ нь тунгалаг Буянт бохирдож магадгүй болоод байгаа тухай байлаа.  Учир нь аймгийн цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэхгүй бол бохироо цэвэрлэж чадахгүй Буянт гол руу алдах нөхцөл үүсээд байгаа аж. Ийн цаг үеийн мэдээлэл өгсөн аймгийн Засаг дарга УИХ-ын дарга болон түүний ажлын бүрэлдэхүүнд яваа албаны хүмүүсээс зарим зүйлийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Тухайлбал, “Мон Энко” компани өнгөрсөн гурван сард нүүрсээ хилээр гаргаагүйгээс шалтгаалж орон нутагт төлөх татвар хойшлогдож байгааг хэллээ. Түүнчлэн эрт ургацын ногоо авахад шаардлагатай байгаа 20 хүлэмж, хөнгөлөлттэй үнээр трактор болон сүүний чиглэлийн үүлдрийн үхрийг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгоно уу гэсэн хүсэлтийг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд уламжилсан бол Ховдын Жаргалант сумын замыг засварлахад шаардагдах хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд суулгаж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ.
УИХ-ын дарга хүсэлтийг судалж үзнэ хэмээгээд УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг товч танилцуулсан юм. Тэрбээр энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл байгааг онцлоод Үндсэн хуульд ч нэмэлт, өөрчлөлт оруулж магадгүйг дуулгав. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд эцэг хуулийн суурь зарчмуудыг хөндөхгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд хийнэ гэдгийг онцолж байв.
УИХ-ын даргын онцолж анхааруулсан бас нэг зүйл нь Хөшөөтийн уурхайн тухай байлаа. Энэ уурхайг тойрч маргалдах биш харин ч байгальд хөнөөлгүйгээр ашиглаж, аймгийнхаа хөгжлийг урагшлуулах ёстой гэж Д.Дэмбэрэл дарга аймгийн удирдлагуудад анхааруулав. Түүнээс гадна аймгийн цаашдын хөгжилд хувь нэмэр оруулахуйц дорвитой алхам хийхийн тулд нефтийн хайгуул, өрөмдлөгө ч хийх хэрэгтэйг онцлов.
Ховд аймгийн төв Жаргалант суманд орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтаа дуусгаад УИХ-ын дарга Дарви суманд хүрэлцэн ирлээ. Тус сумын хувьд Засгийн газраас зарласан жишиг сумын болзлыг хангаж, баруун бүсийн 100 гаруй сумаас шалгараад байгаа юм. УИХ-ын дарга тус сумын Засаг даргад жишиг сумын өргөмжлөл гардуулж өгсний дараа сумын иргэдтэй уулзаж, зарим албан байгууллагын ажилтай танилцлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл дагалдан яваа хүмүүсийнхээ хамт өчигдөр Цэцэг суманд ажиллалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж