Гамшиг ураны салбарын ирээдүйд нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Гамшиг ураны салбарын ирээдүйд нөлөөлөхгүй

Японд болсон цунами, газар хөдлөлтийн улмаас атомын цахилгаан станц дэлбэрэх аюул нүүрлээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн олон улсын биржүүд дээр ураны ханш хэлбэлзэж эхэлжээ. Энэ талаар “The Energy Report” сонинд “Jennings Capital Mining”-ийн шинжээч Алка Сингхийн өгсөн
ярилцлагыг хүргэе.

-Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас “Фукушима Дайчи” цөмийн эрчим хүчний үйлдвэр дэлбэрэх аюул нүүрлэлээ. Энэ нь ураны зах зээлд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Надад тодорхой өөрчлөлт анзаарагдахгүй байна. Урантай холбоотой урт хугацааны гэрээнүүдэд нэг паунд ураны үнийг 75 ам.доллараар тогтоосон хэвээрээ. Гэхдээ ураны зах зээлийн хэтийн төлөв тодорхойгүй болчихоод байна. Учир нь хүмүүс энэ салбарын талаар харьцангуй сөрөг ойлголттой болсон.

-Японд болсон үйл явдлын дараа Германы Засгийн газар цөмийн хэд, хэдэн реактороо хаасан. Гэтэл Хятад, Энэтхэг зэрэг орнууд энэ салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой хэвээр байна. Энэ юутай холбоотой бол?

-Германы эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Германд цаашид үйл ажиллагааг нь өргөтгөхөөр төлөвлөж байсан 17 цөмийн реакторыг 2021 онд хаахаар болсон. Энэ  нь Японд нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотой. Харин Хятадын тухайд Байгаль орчны сайд нь саяхан мэдэгдэл гаргасан. Тэрбээр “Японоос туршлага судалж, аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулах болно” гэлээ. Гэхдээ Хятад улс цөмийн салбар дахь ашиг сонирхлоо өөрчлөхгүй. Австралиас уран импортолдог энэтхэгчүүд атомын цахилгаан станцуудынхаа тоог цөөлөх тухай ярьж байгаа ч мөн л тодорхой алхам хийгээгүй. Хятад, Энэтхэг, ОХУ-д цөмийн 42 реактор байдаг. Нийт 82 реакторыг шинээр байгуулж байгаа. Түүнээс гадна 210 реактор барихаар төлөвлөж байна.

-Тэдгээр шинэ төслийг хэрэгжүүлэх явцад ямар нэг өөрчлөлт орох болов уу?

-Японы атомын станцуудад болсон дэлбэрэлт зөвхөн цөмийн реакторын гаднах барилга дээр гарсан. Өөрөөр хэлбэл, Японд нүүрлээд байгаа цөмийн аюул нь Чернобылийнхээс эрс ялгаатай. Тухайн үед Чернобылийн цөмийн станц өөрөө дэлбэрсэн юм шүү дээ. Японы Засгийн газар нөхцөл байдлыг гартаа авахын тулд маш сайн ажиллаж байгаа. Үүнээс эерэг үр дүн гарах магадлал өндөр. Нөгөөтэйгүүр үйл ажиллагаагаа явуулж буй цөмийн реакторуудыг Чернобылийн атомын цахилгаан станцынхтай  харьцуулахад аюулгүй байдлыг хэд дахин илүү хангасан.

Японы цөмийн реактор дэлбэрлээ гэхэд энэ нь тухайн станцын үйл ажиллагааны доголдлоос болохгүй. Бид цунамигаас үүссэн асар хүчтэй газар  хөдлөлтийн тухай ярьж байна шүү дээ. Тиймээс улс орнууд цөмийн байгууламжууддаа стресс тест хийж, илүү их өртөг гаргах байх. Түүнээс биш ор тас хаячихгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, уран, цөмийн эрчим хүчний салбарын төгсгөл хараахан болоогүй байна.

-Японд болсон газар хөдлөлт  ураны зах зээлд богино болон урт хугацаанд харилцан адилгүй нөлөөлнө гэсэн үг үү?

-Тийм. Хөрөнгө оруулагчид гэнэтийн цочролд орлоо. Харин цаг хугацаа өнгөрсөх тусам хүмүүс цөмийн эрчим хүчний үнэ цэнийг ойлгож, ураны эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Атомын цахилгаан станцаас гарах эрчим хүчний зардал хямд байгаад хэргийн учир оршиж байна. Нүүрс ашиглан цагт нэг киловатт эрчим хүч үйлдвэрлэхэд 0.02 ам.долларын зардал гардаг. Харин байгалийн хийн өртөг 0.03 ам.доллар, газрын тос 0.12 ам.доллар болно. Гэтэл энэ бүхэн байгаль орчинд асар их хор хөнөөлтэй. Тиймээс хүмүүс сонголт  хийх болно гэсэн үг. Байгаль орчноо байнга бохирдуулж, их зардал гаргасаар байх уу. Эсвэл Японд болсон шиг ийм ноцтой байгалийн гамшиг болох эрсдлийг тооцож үзээд бага өртгөөр байгаль орчинд  халгүй эрчим хүч гарган авах уу. Миний бодлоор ураны эрэлт, нийлүүлэлт цаашид өссөөр байх болно.

-Та ураны үнэ цаашид өсөн гэж бодож байна уу. Одоогийн байдлаар, нэг паунд ураны үнэ 60-70 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Гэхдээ сүүлийн хэд хоногт үнэ нь буурсан. Энэ уналт богино хугацааных уу?

-Улирлын шинжтэй худалдаа хийдэг зах зээлд бол нийт ураны 80 хувийнх нь гэрээг урьдчилаад хийчихсэн байдаг. Харин жижиглэнгээр худалдаалдаг зах зээлд нийт ураны 8-12 хувь нь гардаг. Өөрөөр хэлбэл, гэрээг урьдчилан хийх замаар ихэнх ураныг борлуулдаг гэсэн үг. Тиймээс ураны үнэ урт хугацаанд өөрчлөгдөхгүй. Ойролцоогоор нэг паунд нь 73 ам.доллар хэвээр байна. Харин богино хугацаанд үнэ нь буурч, 60 ам.доллар хүрсэн.

Үйлд­вэрлэгч, компаниуд ихэвч­­лэн урт хугацаатай гэрээ хий­дэг. Тэдний хувьд гэрээндээ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Ха­­рин жижиглэн худалдаа хийж буй хүмүүс, сангууд ураны үнийг нэ­лээд хэлбэлзүүлж байгаа юм. Энэ бүхэн нь ерөнхийдөө “Бритиш Петролиум”-ын хэрэг явдалтай адилхан. Тухайн үед газрын тосны үнэ богино хугацаанд огцом унаж байсан ч дараа нь сэргэсэн.

-Уран олборлогч компаниудын үнэт цаасны ханш богино хугацаанд унаж байгаа нь цаашид ямар өөрчлөлт авчрах вэ?

-Уран олборлогчдын хувьцааг  худалдан авахад хамгийн тохиромжтой үе тохиогоод байна. Өөрөөр хэлбэл, богино хугацааны үнийн уналтыг ашиглаад томоохон компаниудын хувьцааг  худалдан авах боломжтой гэсэн үг юм. Ер нь ураны үнэ өснө гэдэгт итгэлтэй байж болно. Зөвхөн АНУ-д л гэхэд цөмийн 104 реактор үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрт жил бүр 60 сая паунд уран шаардлагатай. Ураны үнэ Японд газар хөдлөлт болохоос өмнө нэлээд өсч байсан. Санхүүгийн хямралын үед буюу 2008 онд нэлээд буурч байсан нь ч бий. Харин энэ оны тухайд ирэх намраас эхлээд ханш нь тогтворжих байх. Цөмийн эрчим хүчний салбар бол байнгын хор хөнөөл, өртөг багатай.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж