Эрх зүйн туслалцааны төвтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Эрх зүйн туслалцааны төвтэй болжээ

Хууль зүйн яам Дундговь аймгийн Хууль зүйн хэлтсийг  2010 оны эрх зүйн ажлын үр дүнгээр тэргүүн байранд шалгаруулжээ.
Тус хэлтэс сум болгондоо иргэдэд эрх зүйн сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах үүрэг бүхий “Эрх зүйн хөтөч” орон тооны бус баг байгуулан багийн ахлагч нартай ажил гүйцэтгэх гэрээтэй ажиллуулж  тэднийг жил бүр “Эрх зүйн хөтөч” сургалтанд хамруулж мэдлэг, мэдээллээр ханган жил бүр ажлыг дүгнэж байна.
Ингэснээр “Эрх зүйн хөтөч” богц хөдөөгийн айл өрхүүдээр аялуулдаг, эрх зүйн сургалтын тогтмол  өдөртэй болсон, сум багт эрх зүйн сургалт, сурталчилгааг тодорхой төлөвлөгөө графиктайгаар зохион байгуулдаг арга барил хэвшжээ. 
 Хэлтсийн дэргэд “Эрх зүйн туслалцааны төв” байгуулж “Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн албан бус сургалт сурталчилгаа зохион байгуулах болон эрх зүйн зөвлөгөө өгөх, эвлэрүүлэн зуучлах  зэргээр үйлчилгээ үзүүлж байна.
Иргэний төлбөрийн чадваргүй эсэхийг тухайн үеийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн үзүүлэлтийг шалгуур болгож, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн тогтоодог юм.
Энэ төв байгуулагдсанаасаа хойш эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй 57 иргэнд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатуудад өмгөөллийн туслалцаа үзүүлж 432 /давхардсан тоогоор/ иргэнд эрх зүйн зөвлөгөө өгснөөс 184 иргэнд эрх зүйн ач холбогдол бүхий анхан шатны баримт бичгийн төсөл  боловсруулжтуслав. Мөн 235 иргэнд эрх зүйн актын лавлагаа өгсөн байна.
Ийнхүү тус хэлтэс иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, өгөөжтэй хэлбэрээр хүргэсний үр дүнд ажил үйлсээрээ тэргүүлж яваа аж.
     

                        С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж