Сонгууль угтсан намуудын улстөржилт

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Сонгууль угтсан намуудын улстөржилт

Улс төрийн намууд хаврын улстөржилтөө хэ­дийнэ эхэлжээ. Тэд дор бүрнээ ирэх сонгуульд бэлтгэж байгаа нь хийж буй үйлдэл, хэлж байгаа үгнээс илт мэдрэгдэж байна. Намуудыг дагаад иргэний хөдөлгөөн, жижиг намууд ч хөдөлгөөнд ороод байгаа юм. 

АРДЫН НАМ НИЙСЛЭЛИЙГ Г.МӨНХБАЯРТ ДААТГАЛАА

Ардын намын­хан сонгуулийн бэлтгэл ажлаа нийслэлийн намын хорооноосоо эхэллээ. Өнгөрсөн баа­сан гарагт нийслэлийн Ардын намын хороо хуралдаж, бүтэц, зохион байгуулалтын асууд­лаа хэлэлцсэн байна. Тэд хурлаараа нийс­лэлийн намын хорооны “түлхүүр”-ийг Улаан­баатар хотын Засаг дарга Г.Мөнхбаярт өглөө. Сонгууль угтаж, халаа сэлгээ хийж байгаа Ардын намынхан нийслэлийг үндсэндээ түүнээр зангидуулахаар шийд­вэрлэжээ. Хотын захирагч Г.Мөнхбаяр 56.5 хувийн саналаар нийслэлийн намын хорооны дарга болсон юм. Нийслэлийн намын хороог удир­даж байсан Т.Билэгт 2009 онд үүрэгт аж­лаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. Тэр үед Засаг дарга Г.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын нэрийг уг албаны даргаар дэвшүүлж байсан юм. Харин Засаг дарга Г.Мөнхбаяр нэрээ татсанаар Б.Мөнхбаатар намын хорооны дарга болж байв. Энэ удаа сонгуулийн өмнөх жил учир Ардын намынхан Г.Мөнхбаяраар намын хороог удирдуулахаар шийдлээ.

“АРДЧИЛАЛГҮЙ” АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭ ДҮРЭМ

Ардчилсан намын тухайд намын дүрмээ өөр­чилж, дотоод сонгууль явуулахгүй хэ­мээн шийдвэрлэсэн. Энэ нь Ардчилсан нам “Ард­чилалгүй боллоо” гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Нөгөө талаас намын удирд­лага, гишүүдийн зүгээс “Сонгуулийн өмнө ротаци явуулах хэрэггүй. Намын гишүүдийг зөрчилдүүлж, намыг хагалан бутаргахгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан” гэсэн юм. Мөн шинэ дүрмээр фрак­циудыг бодитойгоор зарлаж буй. Ардчилсан намд УИХ-ын гишүүн З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний холбоо, УИХ-ын гишүүн Л.Ган­төмөр удирддаг   “Нэг Ардчилал” зэрэг фракци байдаг. Харин тэд нийлээд ч “Алтангадас”-ынхныг дийлэхгүй хэмээдэг. Ардчилсан намын фракциудаас гадна дүүрэг бүрт ард­чилсан гэх тодотголтой хоёр “толгой” бий бо­лоод удсан. Үүнийг цэгцлэх үүднээс Ардчилсан намын Ерөн­хий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат сонгуулиас урьтаж, дүүргийн анхан шатны байгууллагуудаа нэгтгэж байгаа юм. Тэрбээр фракциудаа эвдрэлцүүлэхгүйхэн шиг ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа эхэллээ.

ИРГЭНИЙ ЗОРИГ-НОГООН НАМ ГУРАВДАГЧ ХҮЧИН БОЛЖ ЧАДАХ УУ

“Ногоон үзлээр хэн бүхнийг байлдан да­гуулж, сонгуульд ялалт байгуулах болно” хэ­мээн Ногоон нам, Иргэний зориг намын удирд­лагууд мэдэгдсэн. Тэд өнгөрсөн бямба гарагт их хурлаа хийн Иргэний зориг-Ногоон нам нэртэйгээр хамтарч ажиллахаар боллоо. Гэвч үүнийг “Буруу” хэмээн Ногоон намын зарим гишүүн хурлын үеэр жагсаал хийв. Гурав­дагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа энэ үед Иргэний зориг-Ногоон нам байр сууриа олохоор улс төрөө эхлүүлэв. Ха­рин Ногоон намын зарим гишүүн “Ногоон намын дарга Д.Энхбат нарын хүн Иргэний зориг нам руу явлаа. Бид Ногоон намдаа үлдэнэ” гэсэн юм. Аливаа нам нэгдэх, салах эсэх нь намын бүх гишүүнд таа­лагдах албагүй. Харин нэгдсэн, эсвэл салсны дараах улс төрийн алхам юу байх вэ гэдэг нь олны сонирхлыг татдаг. Энэ ч утгаараа саяхан нэгдсэн Иргэний зориг-Ногоон нам болон тэд­нийг эсэргүүцэгчдийн төлөөлөл юу хийх бол.

МАХН УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛНЭ

Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлж чадаагүй улс төрийн отгон хүчин МАХН-ынхан ууртай байна. Тэд Ардын намынх­наас нэрээ салгахыг хичээж байгаа ч харамсалтай нь бүтэлгүйтлээ. Улсын дээд шүүх МАХН хэмээх нэрийг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Гэтэл Улсын дээд шүүхийнхэн Улс тө­рийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хэлэлцэн Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт мэдүүлэхээр болсон. Үүнийг МАХН-ынхан эсэргүүцэж, Ардын намынхан нэр бүртгүүлэх ажлыг удаашруулж, цаг хожих үүднээс ийм зүйл хийсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм. Тэд өнөөдөр нэр бүртгэх асуудлыг хэлэлцэхгүй бол дараагийн алхмаа хийх болно гэж мэдэгдсэн. Ямартай ч МАХН-ынхан намын нэрийг бүртгэсэн, бүртгээгүй улс төрийн намын үйл ажиллагаагаа эхлэх аж. Харин Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал Үндсэн хуулийн Цэцэд очсоноор МАХН-д нэрийг нь өгөх ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж