Японы цөмийн аюул Хятадад нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Японы цөмийн аюул Хятадад нөлөөлөхгүй

Япон инженерүүд гамшигт сүйдсэн цөмийн станцаас цацраг идэвхит бодис алдахгүйн тулд тэмцэж байхад Хятадын инженерүүд тэс өөр цөмийн реактор бүтээхээр төлөвлөж байна. Зарим экспертийн үзэж буйгаар  тэр реактор нь ямар ч аюулгүй цөмийн үүсгүүр гэнэ. Цөмийн хоёр реакторын технологийг  Шар тэнгисийн хойг дээр турших аж. Японд цөмийн эрчим хүчний станц дэлбэрсний дараа дэлхий нийтээр цөмийн асуудал хамгийн хурц сэдэв болоод байгаа ч Хятадын Засгийн газар цөмийн реактор бүтээх санаанаасаа ухрахгүй бололтой.

Японы Фузушимагийн цөмийн эрчим хүчний реактор тус бүр нь  400 фунт жин бүхий ураны цэнэглэгч родтой байсан нь цацраг идэвхит бодис алдагдах аюултай аж.  Харин Хятадын инженерүүд  гадуураа хамгаалалтын бал чулуун давхарга бүхий,  биллиардын бөмбөгийн хэмжээтэй хэдэн зуун мянган ширхэг түлшний элементээс бүрдэх цөмийн реактор бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Тус хамгаалалтын давхарга нь цөмийн урвалын хурдыг сааруулах тул онцгой тохиолдолд реакторыг унтраах шаардлагагүй, өөрөө унтрах аж. Цөмийн реакторыг усаар биш дэлбэрдэггүй гелийн хийгээр хөргөх боломжтой гэж инженерүүд үзэж байна. Японы Фукушима Даичи станцын цөмийн реакторын сүйдсэн гол шалтгаан нь уснаас болсон гэж үзэж байгаа юм.  Японы цөмийн реактороос ялгаатай нь Хятадын реакторыг цөмийн хөргүүр ажиллахаа больсон тохиолдолд өөрөө унтрахаар зохион бүтээжээ. Хэрэв уг төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Хятад ирэх жилүүдэд цөмийн олон реактор бүтээх аж.

Хятадын туршиж буй цөмийн технологи нь шинэ санаа биш юм. Герман, Өмнөд Африк, АНУ –д аль хэдийн хэрэгжсэн аж. Харин бусад орнуудад цөмийн эрчим хүчний өөр эх үүсвэр болох нар, салхины эрчим хүчийг ашиглаж байна. Хятадын Засгийн газар цөмийн реакторын судалгаа, туршилтын зардлыг гаргасан бөгөөд үйлдвэрлэлийн зардлын 30 хувийг хариуцах гэнэ. Японы цөмийн эрчим хүчний станцын дэлбэрэлтийг эс тооцон Хятад ирэх таван жилд цөмийн 50 реактор байгуулахаар төлөвлөж байгаа аж. Гэвч эндээс цөмийн эрчим хүч үйлдвэрлэх аюулгүй технологи үнэхээр байдаг уу гэсэн асуулт урган гарч байгаа юм. Олон улсын байгаль хамгаалагчдын “Greenpeace” байгууллагын мэргэжилтэн Heinz Smital-ын үзэж буйгаар бал чулуун хамгаалалттай ураны түлш нь хэрэглээд дууссаны дараа цацраг идэвхит бодис ихээр ялгаруулдаг ажээ.

Хятад цөмийн станцаа  нэг сая хүн амтай  Rongcheng  мужаас 30 милийн зайтай газар байгуулахаар төлөвлөсөн аж. 

Герман 1960-аад оноос цөмийн реакторын судалгаа явуулж эхэлсэн. Харин 1986 онд Чернобильд цөмийн станц дэлбэрсний дараа  цөмийн аюул хурцаар яригдах үед реактороо хаасан аж.  Өмнөд Африк  өнгөрсөн зун хүртэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэхээр шаргуу зүтгэсэн боловч зардал нь тоймгүй болсноос энэ төлөвлөгөөгөө хойш тавьсан юм. АНУ-ын Засгийн газар цөмийн эрчим хүчний судалгаа, шинжилгээнд гол анхаарлаа хандуулдаг. 1979 онд Three Mile Island хэмээх цөмийн станцад осол гарснаас хойш энэ салбар дахь сонирхол байсаар байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж