Неймарын дубль Бразилд ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Неймарын дубль Бразилд ялалт авчирлаа

Бразилийн шигшээ багийн залуу довтлогч Неймар Шотландын багтай хийсэн нөхөрсөг тоглолтод дубль хийн багтаа ялалт авчирснаар Европын тавцанд данстай хүчирхэг багууд чухам ямар учраас түүний араас хөл алдан гүйлдэж буйг батлан харуулах шиг боллоо. Лондон хотын “Эмирейтс” цэнгэлдэхэд болсон дэлхийн таван удаагийн аварга Бразил болон Шотландын шигшээ багийн нөхөрсөг тоглолтод “Сантос” клубын 19 настай од тоглогч Неймар хоёр гоол оруулснаар баг нь 2:0 харьцаатай ялалт байгуулжээ. “Реал Мадрид”, “Челси” зэрэг буурал тивийн шилдэг багуудын овоо хараанд өртөөд буй Неймар шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд гурван тоглолт хийхдээ гурван удаа гоолдоод байна. Шотланд болон Бразилийн шигшээ баг өмнө нь есөн удаа таарч тоглоход бүгдэд нь бразилчууд илүүрхэж байсан бөгөөд энэ удаад ч “Селесао” тоглолтын туршид талбайн гол дайчид нь байж чадсан юм. Тоглолтын анхны гоол эхний хагас өндөрлөхөөс гурван минутын өмнө орсон. Зүүн жигүүрээс Андре Сантосоос хөндлөн дамжуулалт хүлээн авсан Неймар гоолын салхийг хагалжээ. Улмаар 77 дахь минутад Шотландын хагас хамгаалагч Чарли Адам Неймар дээр алдаа гаргаж, Неймар өөрөө 11 метрээс торгуулийн цохилт гүйцэтгэн тооны харьцааг 2:0 болгосон байна.

Мөн өчигдөр Нью-Йорк хотын “Нью Мидоулэндс” цэнгэлдэхэд болсон АНУ болон Аргентиний шигшээ багийн тоглолт 1:1 харьцаатэй тэнцээгээр өндөрлөжээ. Тус тоглолтын 42 дахь минутад Эстебан Камбьяссо гоолдож, аргентинчууд тоглолтыг манлайлж эхэлсэн ч сэлгээгээр талбайд гарсан АНУ-ын шигшээ багийн залуу тоглогч Хуан Агудело тооны харьцааг тэнцүүлсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж