Монголчуудын бахархал

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Монголчуудын бахархал

Монголын уран зургийн галерейд өнгөрсөн баасан гаригт нэгэн өвөрмөц үзэсгэлэн үүдээ нээсэн нь “Бидний бахархал”. Бахархаж буйн учир нь цаг зав, хүч хөдөлмөр, амьдралаа их спортод зориулсан үе үеийн тамирчдын амжилтын илэрхийлэл болсон олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олимпийн наадмын дэвжээнээс хүртсэн аваргын цом, медалиуд болоод өнгөрсөн түүхийг өгүүлэх хувцас хэрэглэлийг олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм.

Монголын олимпийн медальтнуудын холбооны санаачлагаар МҮОХ, БТСГ, Олимпийн медальтнуудын холбоо болон “Спортыг дэмжих төв” ТББ-аас хамтран зохион байгуулж буй эл үзэсгэлэнд их спортод амьдралаа зориулсан үе үеийн 150 гаруй шилдэг тамирчны 300 гаруй медаль, цом багтжээ. Үзэсгэлэнд 12 спорт холбоо өөр өөрсдийн спортын замнал, үүх түүхийг өгүүлэх гэрэл зураг, хувцас хэрэглэл, цом, медалийг дэлгэн тавьсан байлаа. Үзэсгэлэн 25-27-ны өдөр Уран зургийн галерейд дэлгэгдсэн юм.

Монголын тамирчдын олимпийн түүх 1964 оны Токиогийн олимпиос эхтэй. Харин монгол хүн олимпийн анхны медалийг 1968 оны Мехикогийн олимпод энгэртээ гялалзуулж, 40 жил хүлээсний дараа Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг Бээжингийн тэнгэрт мандуулсан билээ. Олимпийн жимд мөрөө үлдээсэн 44 жилийн хугацаанд Монголын тамирчид дэлхийд нэрээ тамгалж, 19 медаль хүртсэний хоёр нь алт, долоо нь мөнгө, харин үлдсэн 10 нь хүрэл медаль юм. Ингэхдээ Монголын тамирчид спортын дөрвөн төрөлд, Монголын топ дөрвөн спорт гэгддэг чөлөөт, жүдо, бокс болон буудлага спортын төрөлд олимпийн дэвжээнээс медаль зүүжээ. “Бидний бахархал” үзэсгэлэнгийн танхимд зочилсон хэн хүний нүдэнд ч энэ бүхэн ил. Үзэсгэлэнд оролцсон 12 спорт холбоо тус тусын түүхэн замналыг өгүүлэх медаль, цом, гэрэл зураг, хувцас хэрэглэлээ дэлгэн тавьсан байсан. Мэдээж хэрэг олон улс, тив, дэлхий, олимпод гаргасан амжилтаараа бусдыгаа манлайлдаг чөлөөт бөх, жүдо, бокс болон буудлага спортын холбоодын үзэсгэлэн хамгийн ганган нь байв. Монголын 12 спорт холбоодод харьяалагдах Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж явсан үе үеийн 150 гаруй шилдэг тамирчны олимп, дэлхий, тивийн аваргаас хүртсэн медалийг зургийнх нь дэргэд байрлуулсан байсан.

Олимпийн наадмаас хүртсэн түүхэн медалиудаас гадна олимпийн болоод олимпийн бус төрлийн тив, дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын алдартнуудын хүч хөдөлмөр, амжилтын бодит илрэл болсон бүхий л медаль, цом, түүх шингээсэн хувцас, хэрэглэл, сонирхолтой гэрэл зургуудыг багтаасан “Бидний бахархал” үзэсгэлэн үнэхээр үзэх зүйл ихтэй, тив, дэлхий, олимпийн тавцанд өндөр амжилт гаргаж, өдрөөс өдөрт амжилт нь өссөөр байгаа тамирчдын бахдам амжилт, сэтгэл огшуулсан тэр гайхалтай мөчийг эргэн санахад хүргэж байлаа. Үнэхээр бахархалтай, бахдалтай. Спортын гайхамшигтай түүхийн нэг хэсэг нь болсон бидний спортоос мэдрэх мэдрэмж, баяр бахдал ийм агуу ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж