Театр энх амгаланг уриалах энэ ертөнцийн хэл

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Театр энх амгаланг уриалах энэ ертөнцийн хэл

Олон улсын театрын хүрээлэнгээс 1961 онд анх санаачлан олон улсын театрын өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тэмдэглэж байхаар тогтсоноос хойш тавин жил улирч байна. Парис хотноо төвтэй тус хүрээлэн жил бүр аль нэг улс орны уран бүтээлчийг сонгон тухайн жилийн театрын өдрөөр дэлхий даяар түгээх илгээлтийг бэлтгүүлдэг билээ. Өнөө жил Угандагийн уран бүтээлч, театр судлаач, зохиолч, хүмүүнлэгийн зүтгэлтэн Жессика Кавад энэ нэр хүндтэй үүрэг ногджээ. Түүний илгээлтийг дэлхийн 20 хэлнээ орчуулан дэлхий даяар түгээлээ. Өчигдрөөс эхлэн энэхүү илгээлтийг улс орнуудын театрууд тоглолт эхлэхийн өмнө үзэгчдэдээ уншиж сонордуулж байна. Бид Жессикагийн илгээлтийг орчуулан хүргэж байна.


Нийгмийг урагш хөгжүүлэн, шинэчлэх, нэгтгэн холбох театрын агуу гайхамшигт чадварыг бид улам бүр мэдэрч байна. Театр энэ дэлхийд энх тайвныг цогцлоон бүтээж хамгийн хүчирхэг хэрэгсэл байж болох тухай та хэзээ нэгэн цагт бодож байв уу? Зөрчил мөргөлдөөнтэй бүсэд орших улс орнууд энхийг сахиулах үйлсэд сая саяар нь мөнгө хөрөнгө цацдаг хэрнээ театрт тун багахан анхаарал тавьдаг нь үнэн. Гэтэл театр асуудлыг ухаалгаар шийдвэрлэх нүүр тулсан амьд харилцаа билээ.


Теарт үзэгчдийг айлгаж, түгшээж, баярлуулж, гуниглуулж, хувь хүний болоод нийгмийн хийсвэр ертөнцийг бий болгодог. Түүгээрээ дамжуулан бодит амьдралын үнэн дүр зургийг гаргаж, ирж буй ирээдүйн төлвийг мөн харуулж чаддаг. Түүгээр ч зогсохгүй бидний бодол санаа, үйл хэргийг шүүн тунгаадаг.


Театр гэдэг энх амгаланг уриалах энэ ертөнцийн хэл юм. Хувь хүн шинэ хүн болон дахин төрөх, амьдралыг ухаарсан ухаарлаас урган гарсан шинэ сонголтыг хийх агуу боломжийг бидэнд бэлэглэдэг шидтэй. Бусад урлагаас ялгаатай нь театрын тайзнаас бид өөрсдийгөө, өөрсдийнхөө амьдралыг харж чаддаг. Бидний зовлон, бидний баяр, бидний алдаа тэнд харагдана.


Олон улсын театрын энэ өдөр би театрыг харилцан бие биеэ ойлголцох халуун ярианы зэвсэг, нийгмийг шинэчлэх, гажуудал, доголдлоос нь арилгах хүчирхэг хэрэгсэл болгон ашиглахыг дэлхий даяар уриалж байна. НҮБ-аас тоолж баршгүй их мөнгийг энхийн үйлсэд зориулж байна. Гэтэл театр гэдэг хамаагүй хямд зардлаар хүний сэтгэлд хамгийн ойрхон хүрэх гайхамшигт зэвсэг билээ. Мэдээж энх тайвныг цогцлоох цорын ганц зэвсэг бол театр биш. Гэхдээ хамгийн ихээр нөлөөж чадах тэр зүйлсийн нэг гарцаагүй мөн юм шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж