Хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдлөө

Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн удирдах ажилтан, мэргэжилтний зөвлөгөөн энэ сарын 23,24-нд болов. Уг зөвлөгөөний хүрээнд  Жижиг дунд үйлдвэрлэл, хүнс худалдаа, хоршоо, экстейшн, газар тариалан, бэлчээр усжуулалт зэрэг чиглэл хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан төрөлжсөн семинарыг аймгийн засаг даргын тамгын газраас удаа дараа зохион байгуулжээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн талаар төрөөс баримталж буй бодлого, цаашдын зорилт, 2010 оны төслийн зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын Бодлого зохицуулалтын албаны дарга Р.Алтаннар танилцууллаа.

Семинарын эхэнд зөвлөгөөн оролцох мэргэжилтнүүдээс ХААЖДҮ-ийн Үндэсний хөтөлбөрийн талаарх анхны мэдэгдэхүүнийг сорих үүднээс тестээр сорил авсаныг  семинарыг үр өгөөжтэй болгох зорилготой хэмээн тайлбарлаж байлаа. Зөвлөгөөнд оролцогчид Монгол Улс эдийн засгийн хувьд буурай хүн амын дунд ядуурал газар авч байгаа нь төрөөс хувийн сектор болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмждэггүйтэй холбон тайлбарлаж байсан юм.

2010 онд төрөөс 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж үүнээс Сүхбаатар аймагт нэг тэрбум 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн 14 үйлдвэр шинээр байгуулагдаж 207 ажлын байр шинээр шинээр бий болсон байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөнгөлөлттэй зээл ихэнхдээ төвдөө олгогдоод хөдөө сумдад маш бага ирдэг учир хөдөө сумдад жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломжгүй банкны өндөр хүүтэй зээлэнд сөхөрдөг тухайгаа ярьж байлаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн зөвлөгөөнөөр салбар бүрт хандсан мэдээ мэдээлэл, зөвлөгөө аргачлалыг сумд болон хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдэд зааж өгч буйгаараа нэлээд өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэв.

Дэлхийн жишигт эдийн засгийн өсөх буурах үзүүлэлтийн 70-90 хувь нь жижиг дунд үйлдвэрлэлээс хамаарч төдий хэмжээгээр байр суурь эзэлдэг Монгол улсын хувьд 47 мянга гаруй жижиг дунд үйлдвэрлэл байдаг гэсэн тоо гарчээ. Энэ нь 1000 хүнд ноогдох тоон үзүүлэлтээрээ 17 буюу нэлээд бага тоо гарч байгаа юм.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж