АТГ-ын даргыг огцруулах уу, томилох уу?

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргыг огцруулах уу, томилох уу?

Өнгөрсөн долоо хоногийн Монголын улс төр, нийгмийн амьдрал
чамгүй донсолгоотой өнгөрлөө. Парламентад суудалтай хоёр нам нэгдэх
шийдвэрт хүрч, ИЗНН-ыг байгуулсан гурав дахь хүчний байр суурийг
эзлэхээ зарласан, шинээр мэндэлсэн МАХН-ын нэрийг Улсын дээд шүүхэд
бүртгэхийн оронд Үндсэн хуулийн Цэц рүү давуулсан гэх мэтчилэн.

Гадаад
ертөнцийн хувьд ч таатай мэдээлэл тийм олон сонсогдсонгүй. Японд
тохиолдсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн мэдээлэл, амь үрэгдэгсдийн
тоо, учирсан хохирлыг тооцох ажил үргэлжилж, гамшгийн бүсэд илгээсэн
аврагчдаа Монгол улс эргүүлэн татаж, Ливид өрнөсөн иргэний дайныг
зохицуулахаар АНУ, Франц улсууд холбоотны цэргийн цохилт өгсөн зэрэг
сөрөг мэдээллүүд л давамгайлж байна. Францын тал энэ сарын 18-ны өглөө
Ливийг бөмбөгдөж эхэлсэн нь АНУ анх Иракт довтолсон тэр өдөртөө давхцаж
байгаа нь ажиглагчдын анхаарлыг татах бас нэг шалтаг болов бололтой.

Мэдээж энэ бүхнээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх дээр хоёр өдөр үргэлжилсэн АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох шүүх хурлын шийдвэр өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал болов. Түүнийг өнгөрсөн намраас эхлэн “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдыг тагнаж чаг­­­насан”, “албан тушаалаа урвуулан ашиг­­лаж, төсвийн мөнгийг зүй бу­саар зарцуулсан” зэрэг үндэслэлээр Проку­­рорын мөрдөн байцаах алба­наас шалгаж эхэлсэн. Улмаар Ч.Санга­­­рагчааг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж саналыг проку­­­­­рорын байгууллагаас УИХ-д оруул­­­­­сан. Гэвч уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хоёр удаа хаалттай хэлэлцэж, хоёр удаа нууцаар санал хураасны эцэст “Ал­­бан ту­шаа­­­­лаас нь түдгэлзүүлэх шаард­­­лагагүй” гэж үзсэн билээ. Үндсэндээ МАН-ын Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэл, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг Хууль зүйн байнгын хороонд олонхи болдог МАН-ын ги­­­­шүүд албажуулсан хэрэг. Байнгын хо­­роонд харьяалагддаг Ардчилсан на­­­мын дөрвөн гишүүн эсрэг санал өгч, олонхи нь буюу 11 гишүүн “түд­­гэлзүүлэх шаардлагагүй” гэж үзсэн.
 
Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “УИХ-аас анх томилохдоо хуулийн дагуу илээр санал хурааж шийдвэрлэсэн албан тушаалтныг албан тушаалыг нь түдгэлзүүлэхдээ ч мөн илээр санал хураах ёстой” хэмээн эсэргүүцсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Бат-Эрдэнэ “Ч.Сангарагчаа мөрдөн байцаалтад саад учруулахгүй гэсэн учир албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаадлагагүй. Үргэлжлүүлэн шалгаж болно” гэсэн тайлбарыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байдаг. Ингээд 14 хоногийн дотор УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулалгүй орхиж, УИХ-ын түвшинд энэ асуудал зогссон тул хуулийн байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болсон хэрэг.

Хаалттай хийсэн шүүх хурлын талаарх мэдээллийг шүүх бүрэлдэхүүн одоо хэр нь олон нийтэд албан ёсоор өгөөгүй байгаа. Шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчид бичгээр хүргүүлэх хүртэл наад зах нь долоо хоног хүлээх ёстой. Нэг л зүйл тодорхой байгаа нь АТГ-ын дарга Ч.Сангарагчаад төрийн нууц задруулсан буюу ЭХ-ийн 78.1-ээр нэг жил, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн буюу ЭХ-ийн 113.1-ээр нэг жил, бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн хэрэгт нь ЭХ-ийн 111-ээр дөрвөн сар, нийт хоёр жил дөрвөн сарын ял оноож, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн хорих ял сонсгожээ.

Сануулахад, өмнөх УИХ-ын үед тухайн үеийн Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг УИХ-ын гурван гишүүн У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, Г.Занданшатар нарыг Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийг хэрэгт холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгахаар УИХ-д гурвантаа асуудал оруулж ирсэн ч УИХ тухай бүрт нь “түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж хариулсан билээ. Гэвч үүнээс хойш гурван сарын дараа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс У.Хүрэлсүх гишүүнд 2,1 жилийн ял оноож байлаа. Авлигын эсрэг хуулийн 22.2-т заасанчлан “АТГ-ын газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож,  шүүхийн таслан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцох” хуультай. Өөрөөр хэлбэл, АТГ-ын дарга нарын гэм буруутай талаар шүүхийн шийдвэрээ нэгэнт гарсан тул одоо тэднийг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхгүй, харин дараачийн хүнийг УИХ-д шууд оруулж ирэх ёстой гэсэн үг.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын өмгөөлөгчид “Шүүхийн тогтоол албан ёсоор гар дээр ирсний дараа давж заалдана” гэдгээ мэдэгдсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр ч мөн адил “Өмгөөлөгчид давж заалдана гэсэн тул УИХ шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх ёстой” гэсэн. Тэр хүртэл АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөхгүй гэсэн үг. Өнгөрсөн пүрэв гаригт АТГ-ынхныг хүлээж авч уулзсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ч мөн адил томилгооны асуудлыг огт сөхөөгүй. Тэгэхээр хэрвээ Ч.Сангарагчаа бүх шатны шүүхээр ээлж дараалан заргалдаад явбал дор хаяж зургаан сар АТГ-ын даргын суудал эзэнгүй байх нь. Гэвч эндээс аль шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр, аль шатныхыг хүчин төгөлдөр бус гэж үзэх вэ гэсэн бас нэг сонирхолтой асуулт гарч ирж байна.

Өмнө нь 1996-2000 оны УИХ-ын үед УИХ-ын гурван гишүүн Г.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нар УИХ-аар бүрэн эрхээ түдгэлзүүлэн шүүхээр ял сонсож байсныг эс тооцвол Ч.Сангарагчаагийн хэрэг төрийн өндөр албан тушаалтан, тэр тусмаа төрийн тусгай агентлагийн дарга шүүхээр ял сонссон анхны тохиолдол болж байна. Энэ утгаараа зөвхөн Монголын улс төрийн хүрээнд сенсааци тарьсан явдал төдийгүй, дэлхий нийтийн ч чихийг дэлдийлгэсэн хэрэг болж байна. ГЕГ-ын дарга асан Х.Баатар нар өмнө нь авлигын хэргээр ял шийтгүүлж байсан боловч тэр бол Засгийн газраас томилогддог нэг л агентлагийн дарга. Гэсэн хэдий ч үүний төлөө Ц.Элбэгдоржийн танхимд багтаж байсан МАХН-ын сайд нар түүнтэй нэг танхимд ажиллахгүй хэмээн өргөдлөө өгч, Эвслийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. Засгийн газрын зөвхөн нэг агентлагийн даргын авлигын хэргийг ил гаргасны төлөө.

Тиймээс энэ удаа Ч.Сангарагчаа нарыг ялласан хэрэг цаашдаа улс төрийн хүрээнд ямархуу өрнөл, үр дагавар авчрах бол гэдгийг таахад бэрх. Ялангуяа энэ газрыг толгойлох хугацаандаа УИХ-ын гишүүд, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай холбоотой бага баримт фактыг сейфэндээ дарсан, тэр нь зарим талаар өөрт нь хамгаалалт болдог гэгдэж байсан АТГ-ын дарга асан шүүхийн энэ шийдвэрийн хариуд ямархуу дуулиан, баримт факт дэлгэх бол гэдэг анхаарал татаж байна.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж