Дээд шүүх захиалга биелүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дээд шүүх захиалга биелүүлж байна

МАХН-ын
дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга
Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, Бага чуулганы гишүүн Ч.Энхээ, тус
намын гишүүд, иргэний хөдөлгөөний төлөөлөгчид хэвлэлийн бага хурал
хийлгэлээ. МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр хурлын эхэнд мэдээлэл хийсэн юм.
Түүний мэдээлснээр  МАХН-ын онц их хурлаас хойш хоёр сарын хугацаа
өнгөрчээ. Мөн намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өргөдөл өгөөд
календарийн хугацаагаар 42, ажлын өдрөөр тооцвол 28 дахь хоног дээрээ
явж байгаа юм байна. Дээд шүүх ажлын 30 хоногт багтааж хариу өгөх ёстой
гэдгээс үүдэн бодвол өнөөдөр л шийдэх тун давчуу хугацаа үлджээ. Үүнээс
өмнөх практикаас харахад улс төрийн намыг бүртгэх эсэхийг шийдэхэд долоо
хоног л зарцуулдаг бол МАХН дээр ингэж удаж буй нь “Дээд шүүх эрх
баригчдын захиалгыг биелүүлж байгаа хэрэг” хэмээн Ц.Шинэбаяр гишүүн
хэллээ.

Улс төрийн намуудын тухай хуулийн намын нэрийг дахин
хэрэглэхэд тодорхой хугацаа заасан заалтыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй
болгосон атал хуучин заалтыг зэрэгцүүлэн хэрэглэж буй талаар МАХН-ын
нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ гомдол гаргасныг Дээд шүүхийн бүгд
хурлаар хэлэлцжээ. Тэндээс “Үндсэн хуулийн Цэцээс нэг мөр шийдвэр
гаргуулъя” гэсэн дүгнэлт гаргасан нь улс төрийн захиалгат үйл ажиллагаа
гэж МАХН-ын удирдлага үзэж байлаа. Одоогийн байдлаар МАХН-д 20 мянган
гишүүн бүртгүүлээд байгаа юм байна. Тэдний Үндсэн хуулийн дагуу эвлэлдэн
нэгдэх үйл ажиллагаанд эрх баригчид саад учруулж байна хэмээн МАХН-ын
дэд дарга хэлэв.

Бага чуулганы гишүүн, хуульч Ч.Энхээ “Өдийг
хүртэл бид МАХН-ыг бүртгэхийг тэв­чээр­тэй хүлээлээ. Иргэний хуулийн
3.3.1-д шүүх Үндсэн хууль зөрчсөн хуулийг хэрэглэхгүй гэсэн ганц зарчим
байдаг. Улс төрийн намуудын тухай хуульд байгаа татан буугдан, тарсан
намын нэрийг тодорхой хугацаагаар хэрэглэхгүй гэсэн заалтыг Үндсэн
хуулийн Цэц хүчингүй болгосон. Гэтэл тэр заалтыг хүчинтэй байгаа мэтээр
үзэж Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулъя гэсэн Дээд шүүхийн бүгд
хурлын шийдвэр нь улс төрийн шийдвэр болж хувирлаа. Дээд шүүх чимээгүй
суусаар нам бүртгэх хугацаа дуусах дөхөхөөр дуугарсан нь эргэлзээтэй
байна. Ажлын 30 хоног дуусахад “бүртгэнэ, бүртгэхгүй” гэсэн аль нэг
хариу гарах ёстой. Улсын дээд шүүхийн бүгд хурлын шийдвэрийг хууль,
шүүхийн шийдвэр гэж үзэхэд хэцүү. Тиймээс гаргасан шийдвэрээ эргэж
хараач гэсэн хүсэлтийг Дээд шүүхэд тавих гэж байна. Эргэж харахгүй бол
иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд санаатай саад хийж гох дэгээ тавьсан
асуудал гэхээс аргагүй. МАХН-ыг бүртгүүлэхгүй байх санаа МАН-д бий”
гэлээ.

МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог  “Улсын дээд шүүх МАХН-ыг
бүртгэх хугацааг сунгаж Цэцэд хандлаа. Шүүх мөнгөтэй хүмүүсийн гарт
орсон байна. Дээд шүүх хараат бус гэж бодохооргүй нөхцөл байдал үүсчээ”
гэж байлаа. Парламентад сөрөг хүчин байхгүй болсон нөхцөлд ИЗН, Ногоон
намыг нэгтгэж гурав дахь хүчин болгож харагдуулахыг орол­дож, “зохиомол
хээлтүүлэг” явуулах гэж бай­на хэмээн МАХН-ынхан үзэж буй аж. МАХН-тай
хамтарч ажиллахаа өнөөдөр дөрвөн нам, 16 иргэний хөдөлгөөн илэрхийлжээ.
Эрх баригчид иргэдийн эвлэлдэн нэгдэх үйл ажиллагаанд харшлах юм бол
авлига, хээл хахуулийн холбоотой хэргүүдийг сөхөх ажил хийнэ гэдгээ
хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж