Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гэр хорооллыг барилгажуулна

Хотын дарга, харьяа байгууллагын удирдлагууд гурав дахь жилдээ  “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт, ярилцла­гыг  өнгөрөгч бямба гаригт зохион  бай­гуу­лав. Энэ үеэр нийслэл хотод өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнахын сацуу энэ онд бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, ажлын чанар, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинг сайжруулахад анхаарч ажиллахаа дуулга­лаа. “Хот ба сэтгүүлч” уулзалтад Хотын дарга Г.Мөнхбаяр, Нийслэлийн ИТХ-ын дарга Билэгт, Хотын Ерөнхий менежер Ч.Бат болоод нийслэлийн харьяа байгуул­лагуудын дарга, мэргэжилтнүүд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариул­сан  юм. Хэвлэл мэдээллийн 40 гаруй байгууллагын сэтгүүлчид хотын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал, гарах арга замын талаар нээлттэй ярилцлаа.  

Гэр хорооллыг барилгажуулахад 20 тэрбум төгрөг зарцуулна

Энэ онд нийслэлийн төсөвт 179.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 152.9 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийж, улсын төсөвт 26.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж. Хотын дарга Г.Мөнхбаяр 2011 онд хотод хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаас гэр хорооллыг барилгажуулах ажлыг  онцолж байв. Энэхүү ажилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Мөн бага орлоготой иргэдэд зориулсан түрээсийн орон сууцны хөтөлбөр, хөрсний усыг ашиглах төсөл хэрэгжүүлэх болсон гэв. Түүнчлэн ногоон байгууламж байгуулах, орон гэргүй иргэдийг ажлын байраар хангах, хэсгийн ахлагчдын судалгааг үндэслэн өрхийн ажил эрхлэлтийн байдлыг судлах нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс   дөрөв, тавдугаар сард хотынхон  гэр хороололд ажиллахаар болжээ. 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт-Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийн амьдрах орчныг сайжруулах, орон сууцаар хангах ажилд онцгой анхаарахаа хэлж байв. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын  орон сууцны талбай болон дэд бүтцийн шугам сүлжээний трасст орсон айл өрхийн газрыг чөлөөлөх, орон сууцжуулахад 20 тэрум төгрөг, дээрх талбайд баригдаж байгаа 300 айлын түр оршин суух орон сууцны барилгыг ашиглалтад оруулахад найман тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Ч.Бат: Энэ жил хиймэл цэцэг тарихгүй

Хотын  хөгжлийн бодлого, төлөвлөлт, ажлын чанар, хэрэгжилтийн талаар хотын Ерөнхий менежер Ч.Бат  танилцуулсан юм. Энэ жил ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нийт есөн тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Дүүрэг бүр нэг орчим тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийнэ гэсэн үг. Гэхдээ өнгөрсөн жилийнх шиг хиймэл зүлэг, цэцэг тарихгүй гэдгийг Хотын Ерөнхий менежер Ч.Бат хэллээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн долоон дүүрэгт усан  бассейн , спортны цогцолбор байгуулах, зүлэг мод тарих, явган хүний  зам барих,  ажлууд багтаж байна. Үүний үр дүнд 1122 мянган м2 явган хүний зам, 125 мянган м2 зүлэг, 670 мянган бут сөөг, 10 мянган м2 цэцгийн мандал, 30 усан оргилуур, 20 бичил цэцэрлэг, 47 спортын биеийн тамирын талбай бий болгохоор төлөвлөжээ. Ногоон  байгууламж, хот тохижилтын бүх ажлыг стандартын дагуу, чанартай хийх үүргийг дүүргүүдийн засаг дарга нарт өгсөн байна. Түүнчлэн нийслэлийн долоон дүүрэгт усан бассейн, мөсөн гулгуурын талбайтай биеийн тамир, спортын төв байгуулахад 6.3 тэрбум,Тасганы овоонд “Монголын Үндэсний соёл, шашны цогцолбор, цэцэрлэгт  хүрээлэнгийн гүүрэн гарц, Тусгаар тогтнолын талбайн гэрэлт хөшөөнд 3.3 тэрбум, хот орчмын ногоон бүс байгаль хамгаалах, нөхөн сэргээх, Туул, Сэлбэ, Улиастайн голыг урсацыг тогтворжуулах, цэвэрлэх байгууламжийн техник, технологийн шинэчлэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт  5.9 тэрбум, гудамжны гэрэлтүүлэг шинэчлэлд таван тэрбум зарцуулахаар төлөвлөжээ.
Эрүүл мэндийн салбарт 27.4 тэрбум төгрөгийн ажил хийнэ

Улсын төсвийн хөрөнгөөр  Эрүүл мэндийн салбарт 27.4 тэрбум төгрөг  зарцуулах болжээ. Энэ мөнгөөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг, Баянзүрх дүүрэгт төрөх эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн Яаралтай тусламжийн төвийн барилга, долоон дүүрэгт 700-1000 хүний суудалтай спорт цогцолборын барилга барих юм байна. Харин боловсролын салбарт 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 320-920 суудалтай 10 сургуулийн барилга, 75 спорт цогцолборын барилга барих болсон тухай ч дуулгалаа.

Сэтгүүлчид хотын удирдлагуудтай спортоор өрсөлдөв

Хотын удирдлагууд, сэтгүүлчид “Хот ба сэтгүүлч” уулзалтын үеэр сагсан бөмбөг, дардас, ширээний теннис, хийн буудлагын тэмцээнээр цэц мэргэнээ сорьсон юм.  Сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт хэвлэл мэдээллийн “Шонхорууд” баг орсон бол дартасын тэмцээний тэргүүн байрт эрэгтэйчүүдээс “Өглөөний сонин”-ы Д.Сайнбаяр, эмэгтэйчүүдээс “Нийслэл таймс” сонины Ж.Тагтаа нарын баг шалгарчээ.   Харин буудлагын  тэмцээний  эрэгтэй төрөлд “Нийгмийн толь” сонины М.Батбаатар, эмэгтэйд INET.MN  сайтын н.Уртнасан орсон бол ширээний теннисны тэмцээнд “Ардчилал” сонины Ц.Отгонжаргал, “Өдрийн шуудан” сонины н.Билэгтогтох нар тэргүүн байруудыг тус тус эзлэв. Гурав дахь жилдээ болсон “Хот ба сэтгүүлч” уулзалтын төгсгөлд хотын удирдлагууд ажилд нь шинэ санаа, санаачлага, бас ташуур өгч байдаг хэвлэл мэдээллийнхэнд талархаж явдагаа илэрхийллээ. Түүнчлэн Улаанбаатар хотыг хөгжүүлэх чиглэлээр хийх ажлаа цаг хугацаатай уралдан амжуулахаа амалсан юм.

 
С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж