Японд сэргээн босголт эхэлчихсэн байсан

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Японд сэргээн босголт эхэлчихсэн байсан



Монголын 12 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг Япон улсын Сандэй, Миягид найм хоног ажиллаад энэ сарын 21-нд эх орондоо ирсэн. Япон улсад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахын тулд орон бүр чадах чинээгээр тусалж байгаа. Энэ хүрээнд Япон улсын Засгийн газраас Монголын аврагчдыг ажиллуулахад бэлэн буйгаа энэ сарын 14-нд Японы Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яаманд уламжилснаар ОБЕГ-ын харьяа эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч энэ сарын 15-нд Япон орныг зорьсон билээ. Манай улсын аврагчид байгалын гамшигт өртсөн бүс нутагт эрэн хайх ажиллагааг маш өндөр зохион байгуулалтанд ажиллаж, аливаад дасан зохицох чадвараа үнэлүүлж чадсан аж. Тус аврах ажиллагаанд Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирсэн аврах багийн гишүүн, дээд түрүүч С.Энхболдтой тухайн үеийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

-Япон улсад очиж аврах ажиллагаанд оролцоод ирлээ. Тухайн үед цагийн байдал ямаршуухан байв даа?

-Цагийн байдал хүнд байсан. Хэвлэл мэдээллээр хангалттай мэдээлэл авч байсан боловч, яг газар дээр нь очиход үнэхээр хэцүү хүнд байгааг мэдэрсэн. Үнэхээр цунами гэдэг бол том хэмжээний гамшиг юм билээ. Япончууд 12 баллын газар хөдлөлтөд газартайгаа хөмөрчих хэмжээний чичэрхийлэийг тэсвэрлэх чадвартайгаар барилга байгууламжаа анхнаас нь барьдаг гэсэн. Тэр нь үнэн юм шиг. Анх Наритагийн онгоцны буудал дээр газардахад Элчин сайдын яамныхан хүлээж авсан. Токиод юу ч болоогүй юм шиг хүмүүс нь нам тайван байсан. Манай Элчин сайдын яамны барилга л гэхэд баригдснаас хойш 40 жилийн дараа буюу энэ жилээс л ан цав гарч байна гэж ярьж байлаа. Харин бидний очсон бүс нутагт нурсан байшин, барилгын хувьд голдуу гурван давхар модон барилгууд юм. Сая болсон цунамигаар гурван давхар барилгыг давсан усны үер болсон гэж үзэж байгаа. Далайн эргийн дагуу 10 метр өндөр барьсан даланг даваад, түүнээс дээш 10 гаруй метр өндөр цунами орж ирсэн гэх юм билээ. Модон барилга байшин, нэг хоёр бетонон хавтан барилгууд нь нураад уначихсан. Ерөнхийдөө дан суурь нь л үлдсэн байсан. Байшин барилгууд нь дээр дээрээсээ давхарлаад уначихсан, зарим хөнгөн барилгын хавтангууд урсаад алга болчихсон байсан.

-Хэдийнээс эрэн хайх, аврах ажилдаа орсон бэ?

-Японы гадаад харилцааны яамны Азийн газрын удирдлагууд манай аврах багийг газар хөдлөлтийн голомтын бүс болох Сендай хотод ажилуулахаар болсон. Бид энэ сарын 15-ны орой Токиод очиж, эндээс ачиж явсан тусламжийн бараагаа ачих ажлыг хийж гүйцэтгэсэн. Дараа өдөр нь буюу 16-нд Токиогоос Сендай хот руу явж 22.00 цагийн орчим зорьсон газартаа хүрээд, тэндээсээ  30 км-ийн зайтай Нотари гэж далайн эргийн  газарт очсон. 17-ны өглөөнөөс эрэн хайх, аврах ажиллагаагаа эхэлсэн гэхэд болно. Бид Тайвань улсын аврагчидтай хамтран эрэн хайх ажлыг гүйцэтгэсэн.

-Яг юуг хийж гүйцэтгэв?

-Орж болох бүхий л нурангин доогуур орж үзлэг хийх, хүнд машинаар сүйдсэн барилга байшинг цэвэрлэхийн өмнөх шатны үүргийг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл нурангин дор амьд хүн юм уу, хүний цогцос байгаа эсэхийг илрүүлэх ажил байсан. Тэгэхээр бид маш хянуур, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болсон. Хэрвээ хүний цогцос үлдсэн байвал хүнд машинаар нурангийг түрэх үед гарч ирнэ. Нурангийг цэвэрлэх ажиллагааны үед үхсэн хүн гараад ирэх юм бол япончууд өөрсдөө ажиллагааг үргэлжлүүлдэг. Яагаад гэхээр үхсэн хүнд арьсны ч юм уу ямар нэг өвчний вирус байдаг гэдэг юм билээ. Техникээр гаргачихаад шинжилгээ хийдэг. Тэнд аргагүй л техник хөгжчихсөн. Бид нар шиг резинэн бээлий бариад дайрахгүй л. Ажиллах хугацаандаа гурван хүний цогцос гаргаж, Японы цагдаагийн байгууллагынханд хүлээлгэж өгсөн. Угаасаа нэг хэсэг нь ердийн ажиллагаа явуулж байхад тухайн дүүрэг дээр нь очоод амьд хүнийг нь аварсан, одоо бол амьд хүн байх магадлал байхгүй гэж үзвэл араас нь цэвэрлэгээ хийж байна. Түүнтэй зэрэгцээд бүтээн байгуулалтын ажлыг хийгээд явж байх жишээтэй. Ерөөсөө нэг хэсэг нь ажиллаж байхад нөгөө хэсэг нь бүтээн байгуулалтын ажлаа эхэлчихсэн явж байдаг хөдөлмөрч хүмүүс. Угаасаа гамшгийн нөхцөлд тэгж ажиллах ёстой юм билээ.

-Бүтээн байгуулалтын ажлыг гамшгийн бүсэд хийгээд эхэлсэн гэв үү?

-Тийм. Бид цэвэрлэгээний ажил хийж байсан болохоор чухам хаанаас юуг эхлүүлж байсныг сайн мэдэхгүй. Цэвэрлэгээ хийгдсэн газарт барилга байшин, зам талбайг тохижуулах ажил биднийг ирэхээс өмнө эхэлчихсэн байсан. Жирийн иргэнээс танай бүтээн босголт хэдий хугацаанд хийгдэх вэ гэхэд сар гаруйн дараа ямар ч байсан оршин суугчид орох оронтой болох нь тодорхой гэж байсан. Тэгэхээр асар хөдөлмөрч, тэсвэр тэвчээрийн хаттай ард түмэн.

-Тухайн үеийн газар хөдлөлийн нөхцөл байдал аврах ажиллагаанд хүндрэл учруулсан уу?

-Сендай хот орчимд газар хөдлөлт, цунами хамгийн хүчтэй болсон. Тиймээс хамгийн их сүйдсэн учраас нөхцөл байдал хүнд байлгүй яах вэ. Аврагчид шавар шалбааг дээр майхнаа бариад л ажилдаа орсон. Биднийг ажиллах хугацаанд  хүчтэй салхитай, цаг агаар хүйтэн жиндүү байлаа. Бас өдөрт 2-3 удаа 4-6 баллын  газар хөдлөлт болж байсан.

-Тэр хэмжээний газар хөдлөлтийн чичиргээ өөрт тань мэдрэгдэж байв уу?

-Өдрийн цагаар ажлаа хийж явахад анзаарахгүй байсан мөртлөө орой унтахаар хэвтэх үед бага зэрэг мэдэрч байсан.

-Яагаад шалбааг гэж ерөөс хуурай газар байхгүй байсан гэж үү?

-Ерөнхийдөө бидний очсон газарт цунамигаар ороод ирсэн далайн ус татраагүй, нурсан барилга байгууламжийн дунд байрлаж байсан. Нөгөөтэйгүүр биднийг очиход Франц, ОХУ 130 гаруй, 80 гаруй Солонгос, Тайваний 100 гаруй гэх мэт олон орны аврагчид ирээд майхнаа бариад буусан байсан болохоор бидэнд тийм л газар олдсон. Энэ байдал бидний аврах ажиллагаанд саад болоогүй ээ.

-Өдрийн ажиллагаа хаанаас эхлэх вэ?

-Өглөө 07:00 цагаас ажилдаа гарч, орой 17:00 цаг хүртэл ажиллаж байсан. 17:00 цаг гээд гэгээ тасарчихна. Мэдээгээ гаргаад, цагдаагийн байгууллагад нь ажилласан байдлаа илтгээд амардаг. Өглөө, оройдоо өөрсдөө хоолоо хийж идээд, хоёр майхандаа байрладаг байлаа. Гамшгийн нөхцөлд ажиллаж байсан болохоор цагдаагийн байгууллагад нь цаг тутамд мэдээ дамжуулсан. Харин дараа нь бидэнд маргааш аль районы хаана нь очиж ажиллах графикийг гаргаж өгдөг. Өглөө 07:00 цагт очоод цагдаагийн байгууллагаас үүргээ аваад ажилдаа гардаг. Иймэрхүү байдлаар л ажилласан даа.

-Бусад орны аврагчдтай хамтарч ажиллаж байх үест техник, тоног төхрөөмж, ур чадварын хувьд хүндрэл гарч байв уу?

-Харин ч манайхан сайн ажилласан. Тэр хэмжээгээр үнэлэгдсэн гэж хэлж болно. Ганц нэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тэд илүү байсан байж магадгүй. Японы талаас манай аврагчдын ур чадвар, тэсвэр тэвчээр, дасан зохицох чадварт маш сайн үнэлгээ өгсөн. Учир нь бусад орны бүхий л аврагчид нэг майханд хоёр аврагч байрлаж, цайны газар нь тусдаа байхад манайхан хоёр майхандаа 12-уулаа байрлана. Өглөө босч хоол ундаа хийж идээд, өдөржин цэвэрлэх ажиллагаагаа үргэлжлүүлэхэд их гайхаж байсан. Олон улсын хэллэгээр 24 цагт хөнгөн чанараар үүрэг гүйцэтгэдэг гэдэгт манайх ордог юм билээ. Манайх чинь өөрсдөө хоолоо хийгээд, өөрсдөө аврах ажиллагаагаа хийж байсан нь хөнгөн чанарын аврах ажиллагаа гэдгийг үзүүлээд л гарч ирсэн гэж хэлж болно. Аврахуудыг хөнгөн хүнд гэдгээр нь ангилдаг олон улсын ангилал байдаг юм. Монгол аврагчид 24 цагийн дотор багажгүйгээр, үүрэг гүйцэтгээд ирсэн. Өөрөөр хэлбэл энд тэгсэн байна, тэнд тэдэн хүн үхсэн байна гэсэн эрэн хайх ажиллагааг бид хийж чадаж байна гэдгийг харуулсан. Япончууд өөрсдөө маш ажилсаг ард түмэн хэрнээ манай аврагчдын хурдан шуурхай аврах ажиллагаа тэдний сэтгэлд үнэхээр нийцсэн. Нэг юм аваад ир гэнгүүт маш хурдан гүйцэтгэнэ. Үүргийг маш хурдан хугацаанд гүйцэтгэж байгаад үнэхээр их гайхаж байсан. Гэтэл солонгосчууд болон бусад орнуудын аврагчид бол “Надад багаж байна” гээд ерөөс хөдлөхгүй. Бид сүүлийн үеийн хайлгах компьютержсон багажийг тав аравхан минутын дотор л эзэмшсэн. Бусад орны аврагчид ажиллагаа явуулаад ирэнгүүтээ байрандаа орж амарна.  Гэтэл манай 12 аврагч хоёр  майханд, өөрсдөө хоол ундаа хийж иднэ. Манайхан бараг тусгай ажиллагаа хийгээд ирсэн гэж хэлж болно. Биднийг үүрэг гүйцэтгээд буухаас өмнө Өмнөд Африкийн 80 гаруй аврагчид ирсэн. Бид Өмнөд Африкийн аврагчидтай нэг хоног ажилласан. Тайванийнхтай гурав хоног ажилласан. ОХУ-ын аврагчид оройдоо бидэнд тогтмол мэдээлэл өгдөг байсан.

-Яаж тэд мэдээллээ боловсруулж байсан юм бол?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан явахдаа ОХУ-ын аврагчид химийн цацрагт идэвхт бодисын хэмжээ ихэслээ гэдгийг мэдэгдсэн. Оросууд чинь Чернобиллийн цахилгаан станцын дэлбэрэлтээс болоод энэ талаар мэдээлэл боловсруулах талаар тоног төхөөрөмж сайтай болсон юм шиг байна лээ.

-Аврагчдыг өөрсдийгөө цацраг идэвхт бодист хордохоос сэргийлэх ёстой гэж байсан л даа. Тэгэж чадсан уу?

-Яг тухайн үед мэдээллийг орос ах нараас л авч байсан. Биднийг анх очиход цацраг идэвхт бодисын хэмжээ нь харьцангуй гайгүй байсан. Сүүлдээ хэмжээ нь ихэссэн учраас Орос, Солонгос, Францууд гурав хоног ажиллаад буцсан. 

-Бусад орнууд цацрагт идэвхит бодисын хэмжээ нэмэгдсэнээс болж аврагчдаа татсан. Манай удирдлагууд тэдний адил аврагчдаа татсан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Атомын цахилгаан станц дэлбэрдэг газраас 30 км-т бид аврах ажиллагааг гүйцэтгэж байсан. Оросын аврагчид тусгай багажаараа байх ёстой хэмжээ ихэслээ гэдгийг мэдсэн байлгүй дээ. Ах нар яваад өгөхөөр бид юу хийх билээ. Тэгээд манай удирдлагууд аврагчдынхаа аюулгүй байдлыг ч бодсон байлгүй, нутаг буцахаар болсон.

-Бусад орныхон ирдэг юм байж, тухайн гамшгийн бүс нут-гийн оршин суугчид яасан бол?

-Япон иргэд бидэнтэй л адил аврах ажиллагаанд оролцоод явж байсан. Сүүлд тухайн бүсээс оршин суугчдаа нүүлгэн шилжүүлж байна гэж сонссон. Япон хүмүүс гэдэг чинь маш тайван, сэтгэлийн хаттай ард түмэн юм байна. Үр хүүхэд, хамаатан саднаа алдсан гэсэн хирнээ бидэнтэй мөр зэрэгцээд гэрийнхээ хэрэгтэй гэсэн зүйлээ аваад, бусад цэвэрлэгээнд хэнээр ч хэлүүлэхгүй оролцож байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Япон хүн Оросуудтай адил орчноо маш сайн тохижуулдаг юм байна.

-Гамшгаас хойш дэлгүүрүүдэд хүнсний бараа хомсдолтой байна гэсэн. Та нар хүнсээ хэрхэн хангаж байв?

-Бид өөрсдөө хүнсээ бүрэн базаагаад явсан болохоор нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ аврах ажиллагаа хийгээд явж байхад өлссөн, цангасан гэмээр хэд хэдэн хүмүүстэй тааралдаж байсан. Тэдэнд өөрсдийн хүнснээс илүүчлэхэд тэд татгалзахгүй байсныг бодоход хүнс ховор байсан байж болох л юм.

-Манайхан саяны газар хөдлөлтөөр мэдээллийг хэтрүүлж дамжуулж байв уу, газар дээр нь очсон хүний хувьд?

-Дээр үеэс газар хөдлөлтийн баллыг тооцож, ямар барилга барих вэ гэдгээ тооцдог гэсэн. Барилгууд нь тэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай гэдэг үнэлгээгээрээ үнэлэгддэг гэнэ. Яагаад гэвэл доор нь газар доор нарийн зохион байгуулалтыг хийхэд өртөг зардал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг биз. Токиогийн хэдэн барилга бол нурахгүй ээ. Цунамид л гэхээс биш газар хөдлөлтөд хэзээ ч нурахгүй гэдэг юм билээ. Дотор тавилгууд хөдлөөд, ганхаад байхад барилгын гадна тал огт ганхахгүйгээр тооцоолж барьсан болохоор хүмүүс нь ч тоохгүй ажлаа хийгээд л сууж байдаг улсууд юм билээ. Яг цаад учир нь иргэдэдээ ерөөс мэдээллээр хангадаггүй гэсэн. Тэдийд, өдийд тийм юм бол гэж мэдээлдэггүй. Яагаад гэхээр тайван бус байдал, иргэдийг цочроохгүйн тулд. Гэтэл мэдээллийг манайхан Япончуудаас гурав дахин илүү авсан байгаа юм чинь. Шууд мэдээллээр та нар наашаа ирээ, хөрөнгө мөнгө, сургууль соёл хэрэггүй хаяад хүрээд ир, наана чинь ингэж хөдлөөд байна, ингэж хөдлөөд байна, ийм юм, тийм юм болсон байна гэсэн мэдээллийг манайх сайн хийж байсан гэж хувь хүний хувьд хэлэх байна.

-Манай улсын хэмжээнд томоохон хэмжээний аврах ажил-лагааг хийх тоног төхөөрөмжийн хувьд хэр хангалттай вэ?

-Тоног төхөөрөмжийн хувьд сүүлийн үед харьцангуй сайжраад байгаа гэж хэлж болно. Тендер шалгаруулалтаар олон улсын аврах ажиллагааны үед хэрэглэх шаардлагатай  багажуудтай боллоо. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг гэдэг утгаараа Японы багажууд үнэхээр сайн юм билээ. Гэхдээ бидний хэрэглэж буй багаж, техникийг Орос ах нар муу гэж хэлээгүй шүү.

-Ажил мэргэжлийн шугамаар бусад орнуудаар явж байсан уу?

-ОХУ-д 45 хоногийн сургалтад 2007 онд явсан. 2008 онд Солонгос руу мэргэжил дээшлүүлэх сургалтанд явж байсан. Нүдээр хараад, биеэр гүйцэтгэхэд олон улсын аврах ажиллагааны стандартыг хангаж байна гэж бусад орны аврагчид үнэлсэнд өөрсдийн аврагчдаараа үнэхээр их баярлаж байгаа.

-Энэ өвөл Хөвсгөл нууранд живсэн шатахуун тээвэрлэж явсан автомашиныг татаж гаргах ажиллагааг танай ангийн аврагчид маш амжилттай зохион байгуулсан. Энэ үед Хөвсгөл нуурын дархан газрын албанаас мэдээлэл авч байх үест хөндлөнгийн хүний нүдээр аврагчдын хувцас цоорсон, усны гүнд орохоор зуувч нь хөлдөх гээд бэрхшээлтэй зүйл их байсан гэсэн. Зарим тохиолдолд энэ ажлаас шантрах үе гарч байсан уу?

-1950-аад оны үед бараг л нүцгэн биеэрээ шахуу л үүрэг гүйцэтгэдэг байсан гэнэлээ. Харин одоо бол багаж, техникийн хувьд ч, аврагчдийн ур чадварын хувьд ч сайжирч байгааг энэ өвөл Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай автомашиныг татаж, гаргах ажиллагаа харуулсан гэж хэлж болно. Анх удаа 50 метрийн гүнд шумбалт хийсэн. Тухайн үед яг тийм бэрхшээлүүд гарч байсан ч, олон жилийн туршлага бидэнд чинь нөлөөлнө шүү дээ. Яг цаг тулбал зуувчаа хөлдлөө гэхэд амандаа спирт балгаад орох зэргээр аргална. 1996 онд ЦИС-ийг төгсөөд л аврагч болсон. Аврагч хүн гэдэг бэлтгэл сургуулилттай тамирчин байх ёстойгоос гадна сэтгэл зүйн байнгын бэлтгэлтэй байхыг шаарддаг юм. Хүний амь нас, эд хөрөнгийг аварсны дараа л мэргэжлээрээ дандаа бахархана шүү дээ. Тэр хэмжээгээр талархлын үгс баяр ёслолоор бидэнд ирүүлдэг.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж