Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 28

Энэ өдөр төржээ
Екатерина Дашкова (1743.03.28-1810.01.04)

Екатерина Романовна Дашкова, гүнгийн ахайтан, Оросын нийгмийн зүтгэлтэн бөгөөд нэрт зохиолч юм. Тэрээр 1743 оны гуравдугаар сарын 28-нд гүн Роман Млларионович Вронцов, Марфа Ивановна Сурмина хоёрын гэр бүлд мэндэлжээ. Хатан хаан Елизавета Петровнагийн загалмайлсан энэ эмэгтэй хоёр настайдаа эхийгээ алдаж Төрийн канцлер, өөрийн авга М.И.Воронцовын гэрт хүмүүжсэн байна. 16 настайдаа Михаил Дашков вантай гэрлэн хэдэн жил Москвад амьдарсан байлаа. Хатан хаан Елизаветаг нас барсан жил Петербургт эргэн ирээд их вангийн ордонд ойр байх болон Екатерина Алексеевнатай ойртон төрийн эргэлтэд нь оролцсон байлаа. Дашкова Екатерина хатан хаанаас ихээхэн шагнал хүлээж байсан нь талаар болсноор  ордноос холдсон байна. 1774 онд нөхөр нь нас барсны дараа тэрээр гадаадын орнуудаар  аялав. Энэ хугацаанд Европын олон орноор орж Францад Дени Дидротай танилцсан юм. Тэр үед түүний боловсролыг шагшин магтах болжээ. Дашкова 1782 онд Орост буцан ирсний дараа хатан хаан түүнд ихээр анхаарал, халамжаа үзүүлсэн бөгөөд 1783 онд Санкт-Петербургийн Шинжлэх ухааны академийн захиралаар томилогдон 1794 он хүртэл ажилласан байна. Дашкова академийн шинжлэх ухааны соён гийгүүрэлэх ажиллагааг амилуулж, аж ахуйг нь өөд татаж чадсан байлаа. I Павел хаан ширээнд суусны дараа Дашкова бүхий л ажил албаа өгчээ. Ингээд Новгородын эдлэндээ очжээ. Тэрээр хааныг нас барсны дараа Москва, Санкт-Петербургт ээлжлэн амьдарч янз бүрийн сэтгүүлд нийтлэл бичиж, хажуугаар нь аж ахуйн ажил давхар хийж байгаад 1810 оны нэгдүгээр сарын 4-нд амьсгал хураажээ.

Энэ өдөр таалал төгсжээ

Дуайт Эйзенхауэр, Америкийн төрийн болон цэргийн зүтгэлтэн, АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч (1890.10.14-1969.03.28) 

Дуайт Дейвид Эйзенхауэр 1890 оны аравдугаар сарын 14-нд Техас мужийн Денисон хотноо төржээ. 1915 онд Уэст-Пойнтын цэргийн академийг дүүргэсэн бөгөөд тэнд Мейми Даудтай танилцжээ. Тэд жилийн дараа гэр бүлээ зохиосон байлаа. Тэднийх хоёр хүүхэдтэй. 1917 онд болсон дэлхийн I дайнд оролцсоны дараа АНУ-ын өмнөөс Дуайт Дейвид Эйзенхауэр сайн дураараа фронтод очихоор бэлтгэж байв. Панамын сувгийн бүсэд 1920-д оны үед алба хааж байгаад командын бүрэлдэхүүний курст суралцсан байна. Дараагийн жилүүдэд нь Филиппинд генерал Макартурын армийн штабын даргын туслахаар ажиллажээ. 1940 онд АНУ-д эргэн ирээд армийн штаб толгойлон бригадын генерал болсон байна. Дэлхийн II дайны үеэр тэр Жанжин штабын цэрэг, стратегийн албанд удирдах тушаалд байж цэргийн олон ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэн явуулжээ. Хойд Африк, Газар дундын тэнгис ба Европын дайн талбарт арми командалж ирэв. 1943 оны Тегераны бага хурлын дараа хоёрдугаар фронт нээгдэхэд түүнийг Европ дахь холбоотны цэргийн ерөнхий командлагчаар томилсон юм. Тэрээр холбоотнуудын хамгийн том ажиллагаа Нормандын десантыг гардан явуулжээ. Армийн генерал цол, олон орнуудын дээд одонгоор тэр шагнагдсан байлаа. Зөвлөлтийн “Ялалт” одон авсан 19 хүний нэг нь Эйзенхауэр юм. Дайны дараа тэрээр Герман дахь Америкийн цэргийн командлагч байж маршал Жуковтай хамтран ажиллаж, Зөвлөлт, Америк хоорондоо хамтран ажиллаж болно гэж итгэж байсан юм. Харин амьдралынхаа эцэст хүйтэн дайны дэмжигчдийн талыг баригч болжээ. Армиас 1948 онд халагдсны дараа тэр Колумбийн их сургуулийг удирдаж байв. 1950 онд ерөнхийлөгч Гарри Трумен түүнийг дахин цэргийн албанд татан оролцуулж НАТО-гийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилсон байлаа. 1952 онд тэрээр цэргийн албаа нэг мөр орхиод ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөөнд оров. Цэргийн жанж-ны асар их нэр алдрын буянаар тэр 1953 онд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Түүний стратегийн зорилго нь АНУ-ын нэр хүндийг дэлхийд дэлгэрүүлэх явдал байлаа. Тэрээр атомын зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэн шинэ бааз, шумбадаг онгоцнууд ба стратегийн нисэх хүчнээ хөгжүүлэв. Тэрээр Солонгосын дайныг зосоосон хүмүүсийн нэг. 1957 оноос түүний зааварчилгаагаар Ойрхи Дорнодод АНУ-ын нэр хүндийг өсгөх ажил эрчимтэй болов. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа тэрээр Ливаны булаан эзлэлтийг хийсэн ба Зөвлөлтийн нутгаар У-2 тагнуулын онгоц нисгэн дуулиан тарив. 1960 онд түүнийг огцорсны дараа ерөнхийлөгчөөр Кеннеди гарч ирсэн билээ.

Дуайт Дейвид Эйзенхауэр 1969 оны гуравдугаар сарын 28-нд нас бараад Дурсгалын музей буюу ерөнхийлөгчийн номын сангийн дэвсгэр дэх Абилины оршуулгын газар нутаглуулагджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж