Шаардлага зөрчсөн байгууллагын зөвшөөрлийг цуцална

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Шаардлага зөрчсөн байгууллагын зөвшөөрлийг цуцална

Мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж байгаа нь сайн хэрэг. Харин мэдээлэл хүлээн авах, дамжуулах, солилцох аливаа хэрэгсэл нийгмийн ёс суртахуун, ухамсар, хүүхэд багачуудын хөгжил, сэтгэцэд сөргөөр нөлөөлөх ёсгүй…

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны удирдлагууд ийн мэдэгдлээ. “Тэгш мөр төв” төрийн бус байгууллагын явуулсан судалгааны дүнгээр садар самууныг сурталчилсан веб хуудсуудыг үзэх, төрөл бүрийн өгөгдөл татан авч ашиглах, хүн наймаалахтай холбоотой зарлал, мэдээлэл дамжуулах зэрэгт хүүхэд, залуучууд их, бага хэмжээгээр оролцсон нь тогтоогджээ. Тиймээс төрийн болон төрийн бус, шинжлэх ухааны байгууллагууд энэ бүхэнтэй хамтран тэмцэхээр болж, өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

Олон улсын гэрээ конвенци, Монгол Улсын хуулиудад садар самуун, хүчирхийлэл, хүний наймаанд хөтөлсөн, турхирсан агуулгыг мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр дамжуулахгүй байх тухай зохицуулалт бий. Эдгээрийг хэрэгжүүлэх үүднээс юуны өмнө телевизүүд өөрийн эфирээр гаргаж байгаа бүх нэвтрүүлгүүддээ хэдээс хэдэн насны хүмүүс үзэж болохыг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээ хийж байх зохицуулалтыг хэрэгжүүлэн, 6 дугаар сарын 1 гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байхаар төлөвлөжээ.

Мөн интернет кафенуудыг тоноглол, тохижилтын байдлаар нь хоёр төрөлд ангилан бүртгэхээр болсон байна. +18 ангиллын мэдээллийг үзүүлж болох интернэт кафе нь компьютер бүрт тасалгаа хийж, чихэвч зэрэг төхөөрөмжүүдийг заавал ашигласан байх, харин ийм тохижилт хийгээгүй кафенууд насанд хүрэгчдэд зориулсан агуулга бүхий сайтуудыг заавал блоклосон байх учиртай юм.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий МХХТ-ийн компаниудын эрхэлдэг сайтуудад хууль бус агуулга байрлуулах, бусдад ийм агуулга бүхий мэдээллээр үйлчлэх, дамжуулах, түгээхийг хориглохын зэрэгцээ төсвийн хөрөнгөөр интернэтийн төлбөрөө төлүүлдэг төрийн болон төсөвт байгууллагуудын интернэт үйлчилгээнд заавал шүүлтүүр буюу фильтер байрлуулж, хууль бус агуулгыг хязгаарлах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.

Хэрэв байгууллагууд, телевизүүд эдгээр шаардлагыг зөрчиж, үзэж болох, болохгүй насны хязгаарыг илтгэсэн тэмдэглэгээ хийгээгүй, веб сайтууд хориглогдсон, хууль бус агуулга байршуулан түгээж, интернэт кафенууд үйлчилгээний тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа МШХХТГ, ХХЗХ, ХЗДХЯ, УМХЕГ-ын хяналтын ажилтнууд албан ёсоор мэдэгдэв.

Мөн интернэт үйлчилгээний компаниудад харилцагч байгууллагуудынхаа сүлжээнд шүүлтүүр тавих ажлыг нэн даруй хийж хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж