Веттель нээлтийн гарааны ялагч боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Веттель нээлтийн гарааны ялагч боллоо

Автоспортын тойрог замын уралдааны хаан ангилал гэгддэг “Формула-1”-ийн дэлхийн хамгийн залуу аварга Себастьян Веттель дэлхийн аварга цолоо хамгаалах гараагаа амжилттай эхлүүлж, Мелбурн хотноо 2011 оны дэлхийн аваргын нээлтийн гараа болох Австралийн гран-прид түрүүллээ. Pole-to-flag гэгдэх ялалтыг Веттель эхний гараанд авч чаджээ. Уралдааны өмнөх байрлал тогтоох гараанд хамгийн хурдтай нь байж, тэргүүн эгнээнээс уралдааныг эхлүүлсэн “Red Bull”-ийн Веттель уралдааны туршид алдаа гаргалгүй хурдалсаар хамгийн түрүүлж бариалсан байна. Харин “McLaren” багийн Британи нисгэгч Льюис Хэмилтон хоёрт хурдалсан бол түүний багийн анд Женсон Баттон торгууль хүлээснээр зургадугаар байрт оржээ. Энэ оны анхны гараа Оросын моторспорт сонирхогчдын хувьд тун таатай үр дүн дагуулсан. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн F1-т хурд сорих болсон Орос нисгэгч Виталий Петров анх удаа шагналын тавцанд гарсан юм. “Renault” багийг төлөөлж буй тэрбээр гуравдугаар байрт шалгарчээ. Харин F1-ийн уралдааны талбарт цоо шинээр хөл тавьсан Шотланд нисгэгч Пол ди Реста /Force India/ 12 дугаар байрт орсон байна. Мөн энэ гараанд “Ferrari”-гийн Фернандо Алонсо сүүлийнхээ пит стопоор “Red Bull”-ийн Марк Уэбберийг гүйцэж, дөрөвт бариалсан бол Уэббер нутгийнхаа талбарт тавдугаарт хурдалсан юм. Харин “Mercedes”-ийн нисгэгчид болох Михаэль Шумахер, Нико Росберг нар хоёул уралдаанаа дуусгалгүй, зогсоолыг зорьсон.

Австралийн гран-при уралдааны дүн:

  1. Себастьян Веттель /Red Bull/ 1:29:30.259
  2. Льюис Хэмилтон /McLaren/ +22.2
  3. Виталий Петров /Renault/ +30.5
  4. Фернандо Алонсо /Ferrari/ +31.7
  5. Марк Уэббер /Red Bull/ +38.1
  6. Женсон Баттон /McLaren/ +54.3
  7. Серхио Перез /Sauber/ +65.8
  8. Камуи Кобаяаши /Sauber/ +76.8
  9. Фелипе Масса /Ferrari/ +85.1
  10. Себастьен Буэми /Toro Rosso/ +1 тойрог
  11. Адриан Сутил /Force India/ +1 тойрог
  12. Пол ди Реста /Force India/ +1 тойрог
  13. Хайме Альгерсуари /Toro Rosso/ +1 тойрог
  14. Ник Хайдфилд /Renault/ +1 тойрог
  15. Ярно Трулли /Lotus/ +2 тойрог
  16. Жероми д’Амбросио /Virgin/ +4 тойрог

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж