Б.Галдаа албан бичиг хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Б.Галдаа албан бичиг хүргүүлжээ

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өмгөөлөгч О.Алтангэрэлийг  “Үйлчлүүлэгчээ гэм буруугүй, түүнийг хууль бусаар мөрдөн байцааж байгаа мэт олон удаа ташаа мэдээлэл нийтлүүлж байна” хэмээн Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргажээ. О.Алтангэрэл долдугаар сарын 1-ний өдөр болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүн амь насаа алдаж, зургаан хүн шархдаж гэмтсэн  хэргийн яллагдагч Ч.Амарболдын өмгөөлөгч юм. Түүнийг тухайн хэрэгт яллагдагч Ч.Амарболдын өмгөөлөгчөөр оролцож байсны хувиар хавтаст хэрэгтэй танилцсан ба хэргийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон нөхцөл байдлуудыг илт мушгин гуйвуулж, өөрийн үйлчлүүлэгчийн гэм бурууг нотлогдохгүй байгаа гэх мэдээллийг удаа дараа нийтэлж байгаа нь олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэж оролдож байна хэмээн буруутгажээ. Дээрх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг тус албанаас үргэжлүүлэн явуулж байгаа бөгөөд энэ үед хэргийн талаар  мэдээлж буй нь Өмгөөллийн тухай хуулийн 12.3.1-д заасан “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч, хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих”, мөн хуулийн 12.3.6-д заасан “Үйлчлүүлэгчийн гэм буруу нотлогдсон, эсвэл нотлогдоогүй байгаа талаар нийтэд мэдээлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 10-р зүйлийн 7-д заасан “Гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй, хэрэг маргаан шийдэгдээгүй байхад урьдчилан дүгнэлт хийж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараах, бусад этгээдүүдийг үндэслэлгүйгээр дайрч гутаах, өмгөөллийн мэргэжлийн нэр хүндэд харш үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг цээрлэнэ “ гэснийг тус тус ноцтойгоор зөрчиж  байна хэмээн Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан мэдэгджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж