С.Ламбаа сайдад үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайдад үүрэг өгчээ

Ард иргэдийг өвдсөн хойно нь гадаадад эмчлүүлэх биш угтуулаад эмчилдэг байхыг чухалчлах зорилт тавьсан Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын жижиг дунд үйлдвэрийн тэр тусмаа биотехнологи, эмийн үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлж байгаа Инчон хотын “Селлтрион” эмийн үйлдвэртэй мөн танилцлаа. Тус компани нь Азийн бүс нутагт дэлхийн түвшний биоэм зүйн зорилгоор  2002 онд байгуулагдсан ч энэ богино  хугацаанд хөрөнгө оруулалт хийгдэж, хамт олноо бүрдүүлж, техник тоног төхөөрөмжөөр хангагдсан  биоэм зүйн бүтээгдэхүүн зохион бүтээх, үйлдвэрлэх суурь технологи бүхий компани болон өргөжиж чаджээ.

Тус компани нь бүтээгдэхүүнээ АНУ, Европ зэрэг дэлхийн томоохон зах зээлд борлуулах сүлжээг бий болгосон төдийгүй олон  үндэсний хийгээд гадаадын  эмийн болон био технологийн компаниудтай стратегийн түншлэлийн холбоог энэ богино хугацаанд сайжруулж чадсан байна. Монгол Солонгос  хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хүрээнд туршлага солилцоход бэлэн байгаагаа тус  компанийн удирдлагууд энэ  үеэр илэрхийлж байлаа. Тус компанийн үйлдвэртэй танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, Тендерийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, энэ мэт дэлхийд брэнд болсон үйлдвэрүүдтэй гэрээ хийж, чанар сайтай эмийн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд шууд авдаг болох асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг  Эрүүл мэндийн сайд С.Ламбаад үүрэг болголоо.

Манай улс дотоодын эмийн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас авдаг,  ингэхдээ   ард иргэдийнхээ физиологид тохирсон эмийн чанарын шаардлага сайн хангахуйц эмийн бүтээгдэхүүн оруулж ирж чадахгүй байгаа талаар салбарын сайд ярьж байлаа. Тэрбээр мөн монгол  солонгос хүмүүс бие физиологи талаараа тун адилхан байдаг нь шинжлэх ухааанаар  нотлогдсон, тиймээс  манай улс Солонгосоос эм, эмийн бүтээгдэхүүн авдаг болох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр талууд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, үүнтэй холбогдуулан харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.

Энэ хүрээнд тус улсын эрүүл мэндийн  шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэх болон Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношлогооны төв барих асуудал хөндөгдсөн бөгөөд ийм  төвийг Хоёрдугаар эмнэлгийн хашаанд барихаар болоод байгаа талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.

Ингэснээр бүх төрлийн оношлогоог  эх орондоо хийх боломж бүрдэж гадаад руу чиглэсэн мөнгөний их урсгал дотооддоо шингэх  төдийгүй ард иргэдийн амьдрал ахуйд ч ихээхэн тустай хэмээн үзэж буй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж