Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох нийтлэл

Хуулийг сурталчлах уу, хувь гишүүдийг рекламдах уу?

Өнгөрсөн
оны төгсгөлд хэвлэлээр хамгийн их сенсааци дэгдээж, эсэргүүцэлтэй
тулгарсан ч эрчээрээ явсаар батлагдчихсан нэг хуулийг дахин хөндөхөөс
өөр аргагүй боллоо. Энэ бол оны эцэст УИХ-аар баталсан 2011 оны Төсвийн
тухай хууль. Уг хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байх үед төсвийн төсөлд
багтсан иргэдэд бэлнээр тараах 805 тэрбум төгрөг олон нийтийг ихэд
бухимдуулж, эдийн засагчдыг сандрахад хүргэсэн билээ. Дэлхийн банкны
зөвлөхүүд хүртэл “Хөгжиж байгаа буурай орнуудын хувьд эдийн засгийн зөв
оновчтой бодлогогүйн улмаас олон нийтийн бухимдлыг дарахын тулд Засгийн
газар нь нийгмийн халамжид мөнгө цацах явдал гардаг. Гэвч үүний тулд
эдийн засагт үүсэх инфляцийг хязгаарлах арга хэмжээг заавал урьдчилж
авах ёстой. Харин Монгол Улс шиг нийт төсвийнхөө 1/3-тэй тэнцэх
хэмжээний бэлэн мөнгө тарааж байсан тохиолдол урьд өмнө гараагүй тул
үүнээс үүдэх сөрөг үр дагавраас хэрхэн хамгаалах талаар хэлэх ч үг
олдохгүй байна” хэмээн мөрөө хавчиж байсан билээ. Гэвч энэ удаа тэр
тухай ярих гэсэнгүй.

Уншигчид санаж байвал өнгөрсөн оноос эхлэн
манай УИХ-ын гишүүд хууль боловсруулах ажилдаа зориулан өөрсөддөө
тодорхой хэмжээний төсөв баталдаг болсон билээ. Энэ жил төсвөө 35 сая
болгон нэмэгдүүлсэн. Энэ бол тойрогтоо авдаг тэрбумаас тусдаа зүйл.
Хууль боловсруулах ажилд гишүүн нэг бүр 20 сая, баталсан хуулиа
сурталчлахад 10 сая, гадаад томилолтод дахиад таван сая төгрөг
зарцуулахаар энэ жилийн төсөвт суулгаад байгаа. Хэдийгээр нийгмийн
олонхи буюу нийт массын зүгээс “хууль боловсруулахад” зориулсан 20 саяыг
нь “УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь хууль боловсруулах байтал яахаараа
үүнийхээ төлөө нэмэгдэл төсөв авдаг билээ” /угаасаа цалингаасаа өөр
орлогогүй, цалин нь ч амьдралд нь хангалттай хүрэлцдэггүй, тэгсэн хэрнээ
болохоосоо болохгүйг нь хүртэл амьдрах гэж зүтгэдэг ард иргэдийн хувьд
атаархахаас ч өөр аргагүй зүйл/ хэмээн шүүмжилж байсан ч нөгөө талаас
бол байх ёстой л зүйл.

Учир нь УИХ-ын гишүүд гэдэг ард түмний
төлөөлөл болохоос биш, дандаа мэргэжлийн хуульчид биш. Тэгээд ч тэдний
гол үүрэг нийгэмд хэрэгтэй зөв бодлого, зөв өөрчлөлтийг гаргаж
дэвшүүлэх, түүнийг тэтгэж дэмжих байдаг. Харин хууль боловсруулна гэдэг
мэргэжлийн байгууллагын хийх ёстой ажил. Хууль зүйн институт, Хууль зүй,
дотоод хэргийн яам, хараат бус хуульчид гэх мэт. УИХ, мэргэжлийн
байнгын хороод нь түүнд захиалгаа өгөөд хуулиа хийлгэж, боловсруулсан
хуулийн төслийг нь хянаж нягтлаад батлан гаргах ёстой. Энэ бол
парламентын аль ч улс оронд байдаг нийтлэг жишиг билээ. Тиймээс
“Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу Эрүүгийн хуулийг өөрчлөх санал
гаргав, хуулийн төслийг нь гавьяат хуульч С.Нарангэрэл боловсруулж гэнэ
гэдэг бол тийм их гайхаж цочирдоод, мэдлэг боловсролгүйгээр нь дуудаад
байх асуудал биш. Ш.Сайхансамбуу гишүүн Эрүүгийн хуулийн сул тал, засч
залруулбал зохих зүйлийг олж хараад, түүнд өөрчлөлт хийхээр саналаа
бэлтгэжээ, үүнийгээ мэргэжлийн хуульчаар дамжуулан  хуулийн төслийн
хэмжээнд, мэргэжлийн төвшинд нь боловсруулуулсан байна аа л гэсэн үг.

Тиймээс
хууль боловсруулахад зориулсан 20 саяын төсвийг тодорхой төвшинд бол
сайшаан дэмжсэн билээ. Харин ингэснээр УИХ-аас батлан гаргаж байгаа
хуулиуд шаардлага хангасан төвшинд, логикийн элдэв зөрчилгүй, ядахдаа л
Үндсэн хуульд нийцэж гарч байна уу гэдэг бол өөр асуудал. Наад зах нь
өнгөрсөн оны ажлын сүүлийн өдөр баталсан УИХ-ын Дэгийн тухай хуулийн
өөрчлөлт ямархуу хэл ам таталлаа. Уг хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын Байнгын
хороодын хуралдааныг хаалттай хийхээр хуульчилсан нь хэвлэл
мэдээллийнхний аазгайг хөдөлгөж, ажил хаялт болон үргэлжилсэн билээ. Энэ
нь зөвхөн сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх чөлөөг хаагаад зогсохгүй,
цаагуураа иргэд сонгогчдын сонгосон түшээдийнхээ үйл ажиллагааг хянах,
тэдний хийж буй ажлын талаар мэдээлэлтэй байх Үндсэн хуульд заасан
эрхийг хааж боосон хэрэг гэдгээ эрхэм гишүүд хараагүй л юм даа. Эцэст нь
УИХ баталсан хуулиндаа 14-хөн хоногийн дараа өөрчлөлт оруулахаас өөр
аргагүйд хүрсэн билээ.

Дээр нь Төсвийн хуультай хамтатган
баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль байна. Бараг 20 жил
өөрчлөлтгүй явж ирсэн тэмдэгтийн хураамжийг нэмэгдүүлэх тухай Сангийн
яамны боловсруулсан төслийг УИХ-ын ажлын хэсэг барьж аваад үнийн дүнг нь
10-20 дахин нугалаад тавьчихсан байсныг ажлын хэсэгт ороогүй бусад
гишүүд нь анзааралгүй кноп дарчихаад саяхнаас л “Тооцоо судалгаагүй,
буруу хууль болчихжээ, УИХ энэ шийдвэрээ өөрчлөхөөс өөр арга зам
байхгүй” хэмээн шогширцгоох болсон. Архи зардаг дэлгүүр, ресторанаас
10-20 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж авахаар болсон нь хотын захын
хороолол, сумын төвийн дэлгүүрүүдийг хаагдахад хүргэж магадгүй болоод
байгаа. Өмнө нь тэмдэгтийн хураамжаас 30 тэрбум орчим төгрөгийг төсөвт
төвлөрүүлдэг байсныг 52 тэрбум болгон нэмэгдүүлсэн юм билээ. “Нуухыг нь
авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр төсвийн орлогоо нэмэгдүүлэх гэсэн
биш он гарснаас хойш нэг ч найман нэрийн барааны дэлгүүр тэмдэгтийн
хураамжаа төлж чадаагүй байгаа тухай УИХ-ын гишүүн З.Энхболд харууссан.

Энэ
мэтчилэн гишүүдэд хуваарилсан 20 саяын гавьяа иргэдийн хувьд одоо хэр
нь нүдэнд харагдаж, гарт баригдахгүй л байна. Нэгэнт энэ мөнгийг
бүрдүүлэхэд бидний ч гэсэн оролцоо, хувь нэмэр байгаа тул татварт төлсөн
мөнгөнийхөө үр шимийг үзэхээр шаардах нь зүйн хэрэг. Харин хувь
гишүүдийн хувьд бол энэ мөнгө ач тусаа өгч байгаа бололтой юм аа. Энэ
талаар саяхан УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн хэлсэн үгнээс иш татаж
болно. УИХ-ын эрхэм гишүүд энэ хаврын чуулганаас эхлэн “УИХ-ын үйл
ажиллагааг сурталчлах мэргэжлийн студи”-тэй болж байгаа юм байна.
Үүнийхээ хөрөнгийг нөгөө гишүүдийн хууль сурталчлах 10 саяас гаргахаар
болжээ. Тэгээд үүнийгээ “Төсвөөс мөнгө гаргаагүй ээ” гэж ярьсан байна
лээ. Уг нь тэр 10 сая ч гэсэн төсвийн л мөнгө, та бидний татвараас
бүрдсэн хөрөнгө. Гэвч харамсалтай нь УИХ-ын дэд даргын ярьснаар энэ
мөнгө УИХ-аас гаргасан хууль тогтоомжийг сурталчлах бус, хувь гишүүдийн
“пиар”-ыг хийхэд зориулагдах юм байна. УИХ-ын нэгдсэн чуулган, Байнгын
хороод дээр гишүүдийн хэлсэн үг, хөдөө орон нутагт ажилласан байдал энэ
тэрийг нэгд нэгэнгүй баримтжуулан бичиж хадгалаад шаардсан үед нь эрхэм
гишүүдэд гаргаж өгөх “парламентын ойн санамж” болох юм гэнэ. Нэг үгээр
хэлбэл сонгуульд нэр дэвшихдээ ашиглаарай гэж байгаа бололтой юм.

Одоо
мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн
байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон
заалттай. Тиймээс УИХ-ын гишүүд дээрх студийнхээ “студи” гэдэг нэрийг
авч хаяад “Хууль сурталчлах нэгж” болгон өөрчилжээ. УИХ-ын намрын
чуулган өндөрлөөд сар хагасын хугацаа өнгөрч, хаврын чуулган эхлэхэд
хоёрхон долоо хоног үлдээд байна. Гэтэл чуулганы завсарлагааны энэ
хугацаанд “УИХ-аар баталсан энэ хууль, тэр тогтоолын талаар мэдээлэл
өгье, хэлэлцүүлэг явуулья, иргэд сонгогчдын санал бодлыг сонсьё” гээд
аль нэг хэвлэл мэдээллийн байгууллага дээр яваад ирсэн УИХ-ын ганц
гишүүн байна уу, тоолоод үзээрэй. Сонин хэвлэлийн хуудас шүүгээд
хараарай. Байхгүй л гэж хэлнэ. Хуулийг юугаар сурталчилдаг юм бэ, хэвлэл
мэдээллээр л сурталчилна. Хэнд мөнгө төлөх ёстой юм, хэвлэл мэдээлэлд л
мөнгө төлнө. Энэ бол ардчилал, зах зээлийн шаардлага, хэм хэмжээ. Энэ
ертөнцөд үнэ төлбөргүй юм гэж байдаггүй.

Хэрвээ эрхэм гишүүдэд
хийсэн ажил, байгуулсан гавьяа гэж байдаг бол хэдэн хууль боловсруулсан,
хэдэд нь ямар санал өгсөн, тэр нь амьдралд хэрхэн нийцэж, ард иргэдэд
ач тусаа өгч, аль салбарын хөгжлийг тэтгэв гэдгээр хэмжигдэх ёстой. Энэ
талаар мэдлэг мэдээлэл өгөх нь тэр хүмүүсийн ажлын бас нэг хэсэг. Тэр нь
өөрийгөө улстөрч гэж нэрлэж байгаа манай нөхдийг өөрийгөө нийгэмд
таниулах, тодруулах ганц хэмжүүр. Түүнээс биш чуулган эхлэхээр л
камерийн өмнө даналзаад, худлаа эх орончийн дүр эсгээд, эсвэл бие биеэ
заамдаж зодон сенсааци дэгдээснээр улстөрчийн рейтинг өсдөггүй.
Харамсалтай нь манай УИХ-ын гишүүдэд энэ зэргийн соёл, ухамсар даанч
алга даа.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж