Мэргэн буучид медальд хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид медальд хүрсэнгүй

Австралийн Сидней хотноо болж буй буудлага спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд Монголын мэргэн буучид тун хангалтгүй амжилт үзүүлж байна. “Лондон-2012” олимпийн наадмын 34 эрх олгох “Дэлхийн цом”-д дэлхийн 68 орны 750 гаруй тамирчин 15 дасгалд өрсөлдөж байгаа. Харин Монгол Улсаас эрэгтэй нэг, эмэгтэй зургаан мэргэн бууч дасгалжуулагч Ч.Ундралбатын удирдлага дор онч мэргэнээ сорьж байгаа юм. Сиднейн тэмцээнээс олимпийн хоёр эрх өвөртлөх зорилго тавин Австралийг зорьсон мэргэн буучдаас өнөөдөр манай гол найдварууд болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул, “Дэлхийн цом”-ын хүрэл медальт Ц.Мөнхзул нар үндсэн төрөл болох 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдлөө. Харамсалтай нь, олимпийн эрх бүхий эхний гурван байр бүү хэл шигшээ наймд шалгарч чадсангүй.

Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн тухайд 577 оноо авснаар 54 тамирчнаас 19 дүгээр байрт бичигдсэн бол Ц.Мөнхзул 573 оноо авснаар 26 дугаар байрт шалгарчээ. Харин Ц.Хонгорзул  560 оноогоор 51 дүгээрт бичигдсэн байна. Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны /гурван байрлалаас/ төрөлд өрсөлдсөн манай гурван тамирчнаас Ч.Нарантуяа 574 оноогоор 29 дүгээрт, З.Батхуяг /571 оноо/ 35 дугаарт, О.Янжиндулам /556 оноо/ хамгийн сүүлийн буюу 49 дүгээр барйт бичигдлээ.

Сиднейн “Дэлхийн цом” дөрөвдүгээр сарын 1-нд өндөрлөх бөгөөд мэргэн буучид залгуулаад дөрөвдүгээр сарын 7-15-ны хооронд Өмнөд Солонгосын Чанвон хотноо дахин “Дэлхийн цом”-ын цувралд өрсөлдөнө.

Гэхдээ Монголын мэргэн буучдын хувьд шинэ тив дэх “тулаан” бараг өндөрлөсөн гэж болно. Долоон тамирчин тус бүр хоёр дасгалд өрсөлдөх ёстойгоос ОУХМ Э.Даваахүүгээс бусад нь бүгд тэмцээнээ дуусгаад байна. Э.Даваахүүгийн хувьд 24-нд болсон эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд 34 дүгээр байрт шалгарсан юм. Харин маргааш тэрбээр 50 метрийн спорт гар бууны төрөлд онч мэргэнээ сорьсноор Монголын мэргэн буучдын хувьд “Дэлхийн цом”-ын тэмцээн өндөрлөх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж