Ус үзэлгүй гутлаа тайлаач

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Ус үзэлгүй гутлаа тайлаач

Өчигдрийн өдөр тутмын сонинуудын хуудсыг чимсэн хүн бол яахын аргагүй Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Г.Бадарч байлаа. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нар ялтан болсон нь түүний хувьд өөрийгөө олонд харуулах боломжийг олгов. Тэр үнэхээр үйл явдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чаддаг “овжин эр” юм байна. “Бид хэвлэлийнхэнд хурал зарлаагүй шүү. Олон сэтгүүлч ирсэн учраас тайлбар өгөх гэж байна. Шүүх шийдвэрээ гаргасан” хэмээн тодотгож ирээд л дарга нарынхаа талаар, шүүх процессийн талаар ярьж өгч дээ. Түүний ингэж ярихад хууль зүйн үндэс байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ хүн уг нь төсвийн мөнгөөр ажилтнууддаа нормын хувцас, байрны дэмжлэг өгсөн. Шаардлагагүй үед цахилгааны нөөц эх үүсвэр авч төрийн мөн­гөний эргэлтийг сааруулсан гэх үндэслэлээр байцаагдаж явсан хүн шүү дээ. Өөрөө асуудалд орж явснаа мартан УИХ-ын дарга дээр очиж аж байдлаа танилцуулаад л. Тэр үнэхээр өөрийгөө дарга гээд ойлгочихсон юм биш биз. Одоохондоо Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын эрхийг түдгэлзүүлээгүй байгаа. Тэдний эрхийг түтгэлзүүлээгүй байгаа нөхцөлд шоронд орсон ч ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой. Тиймээс Г.Бадарч даргын энэ үйлдэл нь ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шууна гэдэг л болоод байгаа юм биш үү. АТГ-ын Тамгын газрын дарга Г.Бадарч энэ ажилд томилогдохоосоо өмнө Монгол дахь Интерполын хэлтсийн дарга байсан. Тэнд байхдаа ажил хийгээгүй, бараг зүгээр шахуу суусан ч гэж олон нийт дүгнэдэг юм билээ. Харин яаж яваад АТГ-т ирснийг нь мэдэхгүй. Ямар ч байсан бусад дарга нараа ялтан болмогц “од” болон гялалздаг “овжин” нэгэн бололтой.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж