Бидний хүртэх ашигт ч хар, цагаан хэл ам тусдаг юм шүү

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Бидний хүртэх ашигт ч хар, цагаан хэл ам тусдаг юм шүү

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бат­лагд­санаар газар нутгийг минь гамшиг нөмөрчихсөн, түүнийг байгуулсан сайд нар хагартлаа баяжаад хоцорсон мэтээр дуулиан моодноос хэдийнэ гарчихаж. Эрүүлээр сэтгэхэд, дэлхийн гигантуудын тоглож буй покерыг хөндлөнгөөс харж суугаад хүртэх хувь бидэнд оногдсон. Шаардлага гарвал тоглоомоос гарах эрх нь хэзээд нээлттэй. Одоо энэ талаар сөхөж ярих бус цаашид яахаа тодорхойлохыг олон нийт чухалчилж буй. “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш өнгөрсөн онд 53 хувиар өссөн байдаг. Монголын Засгийн газартай байгуулсан гэрээ, Оюутолгойн асар их нөөц баялаг, “Рио Тинто”-гийн үнэмлэхүй хөрөнгө оруулалт зэрэг нь “Айвенхоу Майнз”-ын хувьцааны хан­шийг өсгөхөд хүчтэй нө­лөөлсөн юм. Торонтогийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш өчигдрийн байдлаар 27.36 ам.доллар байв. Энэ нь өмнөх өдрийнхөөс 3.79 хувиар өссөн үзүүлэлт юм.  Хувьцааны ханш өсөх нь зөвхөн хөрөнгө оруулагчдад ашигтай биш шүү дээ. Өнгөрсөн хугацаанд ямар нэг сөрөг мэдээлэл, үнэн худал нь үл мэдэгдэх дуулиан гарах бүрт хувьцааны ханш тодорхой хэмжээгээр буурдаг нь ажиглагдсан. Тухайлбал өнгөрсөн оны сүүлчээр дэл­хийн уул уурхайн гигант “Рио Тинто”-той арбитрын шүүх дээр заргалдаж байх үед “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш буурч, богино хугацааны уналтад орж байв.

Хөрөнгө оруулагч ком­панидаа буулт хийж, шинэ гэрээ байгуулсных нь дараа ч хувьцааны ханш мөн л 13 хувиар буурсан үзүүлэлттэй хэвээрээ байсан. Харин тэдний түншлэл найдвартай болсноос хойш хэдхэн хоногийн дотор нэгж хувьцааны ханш өсч, 24.15 канад доларт хүрч байсан билээ. Тэгэхээр биз­несийн байгууллага, тэр тусмаа дэлхийн анхаарлын төвд байдаг, үндэстэн дам­насан хөрөнгө оруулагч ком­панийн нэр хүнд ямар эм­зэгхэн, хор хохирол нь хаана хүртэл тусдагийг бид гүйцэд ухаараагүй л байна даа. Баялгийн хараал гэж газар ухахаар л тусаад байдаг юм биш. Худал гүтгэлэг, үндэслэл муутай хардлага сэрдлэг, дуулианаас болж ашиг багасах нь мөнөөх айгаад байгаа хараал ч юм уу, хар хэл ам гэгч нь тусч байгаагийн шинж.

Энэ нь бидний хүртэх ашиг багасах байдлаар илэрч, хор хохирол учруулж байдаг ажээ.

Саяхан л гэхэд давуу эрхийн хувьцаа гэгчийг буруугаар ойлгож, түүнийгээ олон нийтэд түгшүүртэйгээр зарлаж будилаан тарилаа. Ерөнхий сайд зөрүүтэй ойлголтоо нэг мөр болгохыг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Дараа  нь Засгийн газрын ху­рал­даанаар хэлэлцээд “Ерөөсөө зөрүүтэй ойлголт төрүүлээд байгаа тэр нэр томъёог гэрээнээс авч, оронд нь хэнд ч ойлгомжтой зээлийн эрхийн бичиг гэдэг үгээр орлуулъя” хэмээн шийдвэрлэлээ. Засгийн газар үүнийг хэлэлцэхэд хүрч, “Давуу эрхийн хувьцаа” гэгчийг зарим хүн мушгин гуйвуулж ярьснаас  болж, манай иргэд ойлгохгүй байна аа” гээд сольж, олон улсын хэмжээний гэрээндээ өөрчлөлт оруулж байгаа зэрэг нь манай улсын нэр хүндийг унахад л түлхэц болно.  Түүнээс биш “Анхны гэрээ нь юм. Аргагүй ээ, хөөрхий” гэж монголчууд шиг сэтгэхгүй шүү дээ.

Үүнээс гадна “Хувь нийлүүлэгчдийн гэрээг нуучихаж” гэж баахан шуугив даа. Дэлхийд нээлттэй тэр гэрээг монгол хүнд энгийн, ойлгомжтой хялбаршуулсан орчуулгад шилжүүлэх гэж долоо хоног орчим саатуулсныг мушгисан нь энэ. Хүсвэл хэн ч вэб хуудас руу нэвтрээд харж болох энэ гэрээнд нуух заалт байхгүй. Оюутолгой төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалтын суурь хүү дээр Америкийн хэрэглээний индексийн хувийг нэмээд нийт 11.7 хувь болж байгаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, суурь хүүг 6.5 хувь болгосон. Хүү буурах нь Монголд ашигтай. Монголын тал өөрийн эзэмшлийн 34 хувийн хөрөнгө оруулалтад мөнгө гаргаагүй. Гэхдээ боломж нь байвал хөрөнгө гаргаж болно. Одоогийн байдлаар мөнгө гаргахгүйгээр 2012 оноос эхлэн орлогоос дээрх хувиа хүртэхээр болсон. Тэгэхээр хүү буурахаас айх хэрэг байна уу? Тэр айгаад байсан давуу эрхийн хувьцаа нь саналын эрхгүй боловч тухайн компанийн өр төлбөр, хөрөнгийн өмнө хариуцлага хүлээхгүй. Ашиггүй ажилласан ч гэрээнд заасан хувиа хүртээд, хүүгээ авч байх зэрэг давуу талтай байсан. Оюутолгойн ордын хувьцааг гуравдагч талд худалдах тохиолдолд Монголын Засгийн газраас заавал зөвшөөрөл авна гэсэн заалт ч бий. Тиймээс элдэв түгшүүрээс эмээлгүй, итгэлээ өгөөд хамтарч ажиллавал хүртэх ашиг бидэнд хангалттай бий.

Дашрамд дурьдахад саяхан байгалийн баялгийг эзэмших, ашиглахтай холбоотой аливаа үл ойлголцол, зөрчил, маргаан гарахаас урьдчилан сэргийлэх, ийм хандлага гарах бүрт хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх үндэсний тогтолцоог бий болгох зорилготой Хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болсон. Гэрээний зорилго эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах хүний үндсэн эрхийг баталгаатай хангах, ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэжээ. Гэрээнд Засгийн газрыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, иргэний нийгмийн байгууллагуудыг Иргэдийн “Алъяанс” төвийн захирал Ж.Занаа, байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийг Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар тус тус төлөөлж гарын үсэг зурсан. Энэ үеэр сүүлийн жилүүдэд манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд томоохон гэж хэлж болохуйц өөрчлөлт гарч байгаа боловч үр ашиггүй маргаан, мэтгэлцээнээс үүдэлтэй маш олон саад бэрхшээл хөгжлийг сааруулж, шийдлээ хүлээсэн асуудлууд  хуримтлагдлаа. Дэлхийн олон оронд бидэнтэй адил саад бэрхшээл тулгарч байсан бөгөөд түүнийг шийдвэрлэсэн сайн туршлага, ололт амжилт ч бас байна. Бусдын сайн туршлага, ололт амжилтад тулгуурлан энэ зүй бус үйлдлийг таслан зогсоож, ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ажил хэрэгч байдлыг хангах нэг алхам бол хамтын ажиллагаа юм гэдэг дээр талууд санал нэгдсэн. Мөн уг гэрээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах Үндэсний хороо ажиллахаар болсон. Иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж, хатагтай Ж.Занаа хэлэхдээ “Сүүлийн арваад жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагууд нийтийн болон төрийн өмчтэй холбоотой асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж ирсэн. Энэ шаардлага өнөөдөр биеллээ олж байна. Ингэснээр 21 аймаг 320 суманд байгаа иргэний нийгмийн байгууллага, төр,бизнес эрхлэгчид хамтран ажиллах баталгаа болно гэж үзэж байна” хэмээсэн юм. 

Ямартай ч энэхүү гэрээг байгуулснаар байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, тэгш хүртэх, хуулийн хүрээнд тууштай, санаачилгатай, бүтээлчээр хамтран ажиллаж, бие биендээ харилцан хүндэтгэлтэй хандах  нийгмийн зөвшилцлийг бий болгож, улс орныхоо хөгжил дэвшлийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой. Ийм жишгээр ажиллахад цаа­шид үл ойлголцол багасч, хөрөнгө оруулагчид ч эрсдэлээс болгоомжлохоос илүү бусдаас урьтахыг хичээх нь лавтай.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж