Сэтгүүл зүйн чанарын талаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Сэтгүүл зүйн чанарын талаар хэлэлцлээ

Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 15 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн хүрээнд төлөвлөсөн ажлын нэг “Чанартай сэтгүүл зүйг хөгжүүлэхэд бид юу хийх вэ” хэлэлцүүлэг өнөөдөр Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо. Хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим гэж удаан ярьсан хэвлэлийнхэн илүү бодитой асуудлыг, тухайлбал, сэтгүүл зүйн чанарын тухай ярьж байгаад хэлэлцүүлэгт оролцогчид олзуурхаж байгаагаа хэлж байлаа.

Сэтгүүлчдийн ёс зүйн асуудал, өөрийн хяналтын механизмыг бий болгох, боловсон хүчний асуудал, хэвлэл мэдээллийн салбарын зах зээлийн чөлөөт өрсөлдөөн зэрэг маш өргөн хүрээг хамран ярилцлаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгч, МОНЦАМЭ агентлагийн захирал Т.Баасансүрэн олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн дүрэмд үндэслэн хэвлэлийн байгууллага бүр өөрийн ёс зүйн кодексийн боловсруулахыг санал болгосон бол “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Л.Болормаа сэтгүүлчид өндөр мэдлэг боловсролтой байж хүчирхэг байна, мөн мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйгаа хэллээ. Сэтгүүлч Д.Цэрэнжав сэтгүүлчдийн байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар санал бодлоо солилцлоо. Сэтгүүлчдийн байгууллага эздийн биш сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. NEWS агентлагийн Ерөнхий редактор Д.Нарантуяа сэтгүүлчид болоод редакцийн удирдах албан тушаалын хүмүүсийн боловсрол, чадавхийг дээшлүүлэх, мөн мэдээллийн салбарын зах зээлийн чөлөөт өрсөлдөөн байхгүйгээс сэтгүүлчид мэргэжлийн хувьд өрсөлдөж, өсөх бололцоог хааж байгаа талаар санал солилцлоо.

Сэтгүүл зүйн чанарын тухай яриа нь олон талыг хамарсан өргөн сэдэв тул энэ асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, гарц замыг тодорхойлох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж