
Монгол улсын хүүхэлдэйн театрын тайзнаа маргааш 18.00 цагт “Цэцэглэж буй ороогоно” бүжгийн тоглолт болох гэж байна. Нэрнээсээ хүртэл өвөрмөц энэхүү тоглолтыг “Бийлэхийн өв эрдэнэ” шавь сургалтын төвийн багш, бүжигчин Д.Энхгэрэл, Б.Норовбанзад, Д.Баярт зохион байгуулж байгаа бөгөөд ардын бүжгийн гайхамшгийг орчин үеийн бүжигтэй хослуулсан этник хэлбэрээр үзэгчдэдээ толилуулах нь ээ. “Бийлэхийн өв эрдэнэ” шавь сургалтын төвийг нэг жилийн өмнөөс СУИС-ын доктор, професор, гавьяат жүжигчин Д.Нанжид санаачлан ажиллуулж эхэлсэн. Түүний шавь нар өнөөдөр анхны бие даасан тоглолтоо ийнхүү тайзнаа амилуулах юм. Тоглолтод урилгаар “A-Sounds” хамтлаг, “Шуранхай” хамтлагийн дуучин Номин-Эрдэнэ, гавьяат жүжигчин А.Дүнжмаа, драмын жүжигчид оролцох гэнэ. Мөн уран нугаралтын үзүүлбэр багтжээ. “Цэцэглэж буй ороогоно” этник бүжгийн тоглолтын тасалбар арван мянган төгрөг бөгөөд энэ сарын 27-н дуустал ердөө л гурван удаа тайзнаа тоглох юм.
Г.Даша