
Үүнд хариу хайж болохоор уулзалт Хэвлэлийн хүрээлэнд болсон юм. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн уг уулзалтаа содон зочноор чимэглэжээ. Тэр нь Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг Бадрахбаатарын дөрөвдүгээр үеийн төлөөлөгч Ч.Тогоонтөмөр байлаа. Тэрбээр өөрөө сэтгүүлч биш ч охин Т.Нармандах нь “Монгол цүшин” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга юм байна. Ч.Тогоонтөмөрийн ах Ч.Лувсандэндэв хүүхдийн зохиолч явжээ. Монголын сэтгүүлзүйг үндэслэсэн хэмээн Цэвээн Жамсранновын хамт нэр нь дурдагддаг Бадрахбаатар нь гүн цолтой, Богд хаант Монгол Улс дээд доод хуралтай байхад дээд хурлын гишүүн явжээ. Тэрбээр одооныхоор бол “Шинэ толь” сонины парламентын сурвалжлагчийн үүргийг гүйцэтгэж байж. Хэдийгээр Т.Нармандах өндөр өвгийнхөө талаар бага мэдээлэлтэй байдаг ч архивт үлдсэн материалыг судлаад “Халуун эх оронч хүн байжээ” хэмээн бахархдаг гэнэ. “
Удам дамжсан сэтгүүлчдийн анхдугаар уулзалт”-д телевизийн ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай зээ охин Ж.Саруултайгаа хамт ирсэн байлаа. Зээ охин нь UBS телевизийн сэтгүүлч аж. Д.Амбасэлмаа гуай Хэвлэлийн хүрээлэнд бэлэгтэй ирсэн. Тэр нь АИХ-ын тэргүүлэгчдийн дарга асан Ж.Самбуугийн “Малчдад өгөх зөвлөмж” хэмээх хуучирч элэгдсэн ном байлаа. Энэхүү ховор номыг хадгалж ирэх учир тохиол ахмад сэтгүүлчид байсан юм. Тэрээр Ж.Самбуугийн бэр байв. Сэтгүүлчийн мэргэжлийг сонгосон нь тохиолдлынх аж. Түүний хань С.Содномдаржаа “Үнэн” сонины сэтгүүлч байж. С.Содномдаржаа Ж.Самбуугийн төрсөн дүүгийн хүүхэд юм байна. Багадаа өнчирч, Ж.Самбуу, түүний гэргийн гар дээр иржээ. 32 насандаа бурхны оронд одсон нөхрийнхөө үйл хэргийг залгамжлахаар Д.Амбасэлмаа сэтгүүлчийн эгнээнд шилжсэн түүхтэй гэнэ. Тэрбээр радио, телевизийн сэтгүүлчээр тавин жил ажилласан юм. “Нам засгийн удирдагчид дунд бичдэг ганц хүн нь байсан” хэмээн тэр Ж.Самбууг тодорхойлов. “Пэндийсэн тарган хөл гаргаад орондоо сууж номоо бичдэг байсан” гэж Амбалаа хуучилсан билээ.
Ахмад сэтгүүлч Ө.Рагчаасүрэн Дарханаас ирсэн. Тэрбээр инженер мэргэжилтэй эхнэрээ хүртэл сэтгүүлчээр урвуулсан хүн. Түүний хүү Р.Жавхлантөгс, Р.Гантөгс, Р.Баясгалантөгс нар ч сэтгүүлчдийн эгнээг тэлжээ. Орон нутгийн анхны телевизийн тулгын чулууг тавьсан аавдаа хөвгүүд нь цай хоолыг нь дөхүүлэхээр ирээд орой хамт буцдаг байсан гэнэ. МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийн аав М.Цагааныг дуу хоолойгоор нь радио сонсогчид танина даа. Соёлын гавьяат зүтгэлтэн М.Цагаан “Сэтгүүлч гэдэг зовлонтой мэргэжил. Болж өгвөл үр хүүхдэдээ өвлүүлмээргүй хатуу самар” гэлээ. Түүний охин Ц.Оюундарь ч “Сэтгүүлчид сайн аав, ээж байж чаддаггүй. Аав маань гэрийн бараа хардаггүй байсан. Би ч гэрийн бараа хардаггүй” хэмээн энэ мэргэжлийн сул талыг тодорхойлов. Гэхдээ л түүнийг сурагч байхад сэтгүүлч аавыг нь багш нар бас үе тэнгийнхэн нь мэддэг, хүндэлдэг байсан нь хожим мэргэжлээ сонгоход нөлөөлсөн ч байж мэднэ. М.Цагаан “Сэтгүүлчид бие биетэйгээ өрсөлдөж болдоггүй. Зөвхөн өөртэйгээ өрсөлдөж, өөрийгөө ялах ёстой. Сэтгүүлч бүр өөрийн арга барил сэдэвтэй шүү дээ. Хүнийг дуурайж бичиж болдоггүй” хэмээн залуу сэтгүүлчдэд захилаа.
Энд мөн “Улаан од” сонины эрхлэгч байсан СГЗ А.Баярмагнай, түүний охин NEWS агентлагийн ерөнхий захирал, “Ардын эрх” сонин эрхлэгч Б.Тэмүүлэн, “Хөдөлмөр” сонины эрхлэгч байсан Н.Мягмар, охин Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах, “Түгээмэл” дээд сургуулийн захирал, СГЗ, доктор Ү.Хүрэлбаатар хүү сэтгүүлч, докторант Х.Батхишигийн хамт хүрэлцэн ирсэн байлаа, “Зууны мэдээ” сонины гэрэл зургийн албаны дарга Д.Цэрэннадмидын охин Ц.Байгальмаа ч мөн тус сонины Улс төр мэдээллийн албаны дарга юм билээ. Ихэнх зочид аав байсан бол ээж сэтгүүлч бас байлаа. Монголын радиогийн сэтгүүлч Д.Чулуунцэцэг “Миний удамд надаас өөр сэтгүүлч байгаагүй. Охиноо сэтгүүлч бол гэж захиагүй ч зээ хүү, охиноо сэтгүүлч болгох гэж оролдоод үзвэл яасан юм гэж бодож сууна” хэмээн наргиа болгов.
Радиогийн гадаад мэдээний редакцийнхныг тэр болгон хүмүүс таниад байдаггүй ч Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн редакцид 30 жил ажилласан Д.Чулуунцэцэг Монголоо гадаадад таниулдаг ажлаараа бахархдаг гэнэ. Тэрбээр материалаа даргадаа үзүүлэхээсээ өмнө охиндоо уншиж өгдөг байжээ. Охин Э.Энэрэл нь тэр үед жаахан байсан ч санаа авахуйц зөвлөгөө хэлдэг байсан гэнэ шүү. Өдгөө энэ охин “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээллийн албаны даргаар ажилладаг. Хэвлэлийн хүрээлэнгийн “Сэтгүүлч” коллежийн оюутнуудад зочдоос асууж лавлах юм их байлаа. Тус хүрээлэнгийн 15 жилийн ойн хүрээнд уг уулзалт болсон юм. Удам дамжсан сэтгүүлч, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарьд тавих асуулт нэг бус байлаа. Түүнийг баруунд суралцаад ирснийг нь сэтгүүлчид мэднэ дээ.
-Манайд олон телевиз байгаа нь сөрөг юм уу давуу тал гэж үздэг үү?
-Ерөнхийдөө бусад оронтой өөрийнхөө орны ямар ч юмыг жишээд нэмэргүй л дээ. Яагаад гэвэл манайх чинь дөнгөж өсч хөгжиж байгаа улс. Тогтолцоо нь бүрэн төлөвшөөгүй байгаа учраас салбар салбарт өөр өөрийн онцлогтой хямралууд гарч ирж байгаа. Тэр л хямралын жишээ сэтгүүл зүйд бий. Үүний гол шалтгаан төр, засаг хэвлэлийг чөлөөлөхгүй олон жил барьсантай холбоотой гэж боддог юм. Ялангуяа телевиз 2005 он хүртэл төр, засгийн мэдэлд байсан. Нийгэм нь аль хэдийнэ ардчилагдчихсан байдаг. Улс төрийн намууд, хөдөлгөөнүүдэд дуу хоолой байхгүй. Дуу хоолойгоо хувийн телевиз байгуулах замаар бий болгосон. 15 жил барьсан тэр гажгийн илрэл телевизийн хөгжилд ийм саад учруулж байгаа юм. Анх шар сонин гарч ирсэнтэй ижил баахан телевиз үүссэн. Улстөрчид үнэндээ телевизийн салбарыг хөгжүүлэх гэж уран бүтээлчдийг тэтгэхээр ийм алхам хийж байгаа юу гэвэл үгүй. Энэ сэтгүүлзүйн өөрийнх нь юм уу телевизийн салбарын гэхээсээ нийгмийн тогтолцооны гажгийн илрэл.
-Зарим оронд сэтгүүлчийн хөдөлмөр өндөр үнэлэгддэг. Мэдээж улс орон бүрт хөдөлмөрийн үнэлэмж ялгаатай л даа. Ямар тохиолдолд сэтгүүлчийн хөдөлмөр илүү үнэлэгддэг болох бол?
-Би олон оронд байгаагүй. Америкийн телевизийн салбарт ажиллаж байсан. Цалингийн дундаж систем ямар байна тэр түвшиндээ л сэтгүүлчийн хөдөлмөр үнэлэгддэг. Сонины сурвалжлагч нар нийгмийн дундаж түвшний, төрийн албан хаагчийн хэмжээний л цалин авдаг. Сэтгүүлч хийж баян болно гэж байдаггүй. Сэтгүүлч бол нийгэмдээ үйлчилдэг. Түүнийгээ зүрх сэтгэлээрээ хийдэг юм байна гэдгийг л ойлгосон. Телевиз харьцангуй өөр. Телевиз бол асар том мөнгөний машин. Зар сурталчилгааны том хэрэгсэл байдаг. Мэдээгээ хараат бусаар хийж, зугаацуулан цэнгүүлэх нэвтрүүлгээс олсон мөнгөөрөө мэдээгээ тэжээгээд, мэдээгээрээ нийгмийн дундах нэр төрөө олж авдаг. Тэр сувгийн мэдээ сайн гэдэг нь тухайн сувгийн нэр хүндийг илэрхийлдэг. Нэр хүнд сайн байхаар зар сурталчилгаа илүү орж ирнэ. Зугаа, цэнгээний нэвтрүүлгийн нүүр царай болж байгаа улсууддаа маш их мөнгө амлаж байж тэд нар нь бүх ажил амьдралаа зориулж, телевизийг авч явдаг системтэй байдаг юм билээ.
-Заримдаа нийгмийн бухимдалд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрэг их байгаа талаар шүүмжилдэг. Үүнээс өөр байх боломж байдаг уу?
-Энэ шүүмжлэл баруунд ч байдаг юм билээ. Сэтгүүл зүйн хамгийн сонирхолтой 13 сэдэв гэхэд гэмт хэрэг, бослого үймээн гээд жагсдаг. Бусад орны мэдээг харахад нэгдүгээр мэдээ нь гэмт хэрэг. Хэзээ ч Ерөнхийлөгчийн мэдээнээсээ эхэлдэггүй. Тэгэхээр мэдээгээ яаж дараалж байгаагаар тухайн редакци ямар сэдэвт ач холбогдол өгч буйг харж болно. Манай телевизүүд ихэвчлэн төр засгийн мэдээллүүдийг эхэлж өгдөг. Улстөрчид л хамгийн чухал гэсэн дохиог нийгэмд өгөөд байгаа хэрэг. Улс төрийн мэдээг дөрөв, тав дахь мэдээ болгож яваад байх юм бол нийгэмд улс төрөөс илүү сонирхолтой юмнууд байна гэсэн ойлголтыг бий болгоно. Үүнээс үүдээд нийгэмд үзүүлж байгаа нөлөө их гэдэгтэй санал нэгдэж байна. Сэтгүүлчдэд улс төрийн мэдээг гурав, дөрөвт оруулах сонголт бий. Нэг сар туршаад үзэхэд нийгмийн хандлага огт өөр болно. Сэтгүүлчдийн хувьд эр зориг гаргаад ядаж мэдээнийхээ дарааллыг өөрчлөхөд олон юм өөр болно гэж хэлмээр байна.